Гашуунсухайт-Ганцмодын төмөр замын явц 50%-ийн босгыг давж, 2027 онд бүрэн дуусна www.eguur.mn
Хятад, Монголын хооронд байгуулагдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Ганцмод–Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт 50 хувийн босгыг давж, өнгөрсөн баасан гарагт гүүрийн нийт 321 тулгуурыг бүтээн байгуулж дуусгажээ.
Энэхүү төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг 2027 онд барьж дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм.
CCTV News-ийн мэдээлснээр, өнгөрсөн баасан гарагийн байдлаар нийт шугамд шаардлагатай 760 ширхэг угсармал Т хэлбэрийн дам нурууны 701-ийг урьдчилан үйлдвэрлэж, 390-ийг нь хэдийн угсраад байна.
Үлдсэн дам нурууг 2026 оны аравдугаар сар гэхэд бүрэн байрлуулж дуусгахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр төслийг 2027 онд бүрэн дуусгах юм. Төмөр зам нь Хятадын хойд нутгийн Өвөр Монголын Өөртөө Засах Орны Баяннуур хотын Ганцмод боомтоос эхэлж, Монголын Гашуунсухайт боомтоор дамжин хил нэвтрээд Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт өртөөтэй холбогдоно.
Уг шугамын бүтээн байгуулалт 2025 оны тавдугаар сард албан ёсоор эхэлж байсан билээ. Статистик мэдээллээр, энэ нь 1956 онд ашиглалтад орсон Эрээн–Замын -Үүдийн төмөр замын дараах Хятад, Монголын хоёр дахь хил дамнасан төмөр замын холболт бөгөөд хоёр улсын хооронд дахин ийм төмөр замын холболт байгуулагдаж байгаа нь бараг 70 жилийн дараах үйл явдал болж буй.
Ганцмод–Гашуунсухайтын төмөр замын нийт урт 9.91 километр бөгөөд үүний 6.08 километрийг хил дамнасан гүүрэн байгууламж эзэлж байна. Нийт шугамд 321 гүүрийн тулгуур барьж, 760 ширхэг угсармал Т хэлбэрийн дам нуруу суурилуулих юм.
2025 оны 5 дугаар сарын 14-нд Гашуунсухайт–Ганцмодын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалт эхлэх үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон Хятадын Чайна Энержи компанийн хооронд урт хугацааны нүүрс худалдах, худалдан авах гэрээ мөн байгуулсан.
Дан ганц нүүрс нийлүүлэх тухай гэрээ бус Монгол–Хятадын Засгийн газар хоорондын тохиролцооны хүрээнд
Хил дамнасан төмөр зам хамтран барих
Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ
Тавантолгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх
гэсэн гурвыг цогцоор хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр юм. Энд нийтдээ 30 орчим тэрбум ам.долларын үнийн дүн бүхий гэрээ хийгдэж, хамтын ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Өөрөөр хэлбэл, төмөр замын хил холболтын бүтээн байгуулалт бүрэн ашиглалтад орсны дараа нүүрсний экспортын хүчин чадал илүү нэмэгдэж, тээвэрлэлтийн зардал буурснаар экспортын орлого өсөх зэрэг эерэг хүлээлтүүд урд бий.
Т.БАТСҮРЭН
Нийтэлсэн огноо2026-09-01





