С.Молор-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ www.news.nm
Философич С.Молор-Эрдэнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, ТЕГ-аас С.Молор-Эрдэнийг өчигдөр /2026.09.02/ саатуулсан байна.
Саатуулах хугацаа дууссантай холбогдуулан цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр 13:00 цагт шүүхээр хэлэлцсэн. Шүүхийн шийдвэр гарч, 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ.
Тэрбээр Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогджээ. Тус зүйлд үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин, үзэл бодлоор хүмүүсийг дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг үйлдлийг гэмт хэрэгт тооцож, таван жилээс 12 жил хүртэл хорих ялтай байхаар заасан байна. С.Молор-Эрдэнэ нь өмнө нь цахим орчинд Монголын ард түмэн, Чингис хааны түүхтэй холбоотой маргаантай байр суурь илэрхийлж байсан юм. Тухайлбал, “Монгол гэдэг ард түмэн байхгүй” болон Чингис хааныг монголчуудтай хамааралгүй гэх агуулгатай мэдэгдэл хийж байжээ.
Нийтэлсэн огноо2026-09-02





