Ц.Идэрбат: Зүүн өмнөд Азийн улс орнууд руу эрдэнэ шиш, ногоон тэжээл экспортолно www.itoim.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ургац хураалтын явц, махны нөөц бүрдүүлэх асуудлаар тодорхой шийдвэрүүд гаргасан байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
Тэрээр “Төсвийн тодотголоор манай салбарт 150 орчим тэрбум төгрөг тавигдахаар яригдаж байна. Стратегийн нөөц бүрдүүлэх асуудал дээр улаанбуудай тариалж байгаа тариалангийн компаниудыг жигд оролцуулах хүсэлт маш их ирж байгаа. Нөгөө талдаа, хүнсний ногоо худалдан авах ажлыг бид анх удаа зохион байгуулж байгаа учраас бирж болон сайдын тушаалаар хэрхэн, ямар журмаар худалдан авах вэ гэдгийг зохицуулсан журмаа баталж ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод байгаа зоорьнуудын судалгааг гаргаад, газар дээр нь очиж үзэж, танилцаж байгаа.
Нийслэлийн нөөцийн махтай холбоотойгоор тодорхой шийдвэр гаргасан. Өмнө нь арилжааны банкууд хөнгөлөлттэй зээл авдаг, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг арилжааны банкуудад олгодог байсан. Харин одоо зөвхөн арилжааны банкаар хязгаарлахгүйгээр аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог. Мөн төсвийн хөрөнгө төмс, хүнсний ногоо болж байна уу гэдгийг и-баримтаар хянадаг тогтолцоо руу шилжиж, мөн нөөцийн маханд зарцуулсан мөнгө үнэхээр мах болж байна уу, үгүй юу гэдгийг и-баримтаар хянадаг болно. Ингэснээр цаашдаа бүх зүйл ил тод байх боломж бүрдэнэ. Хавар махны үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэхийн тулд намар махны үнэ харьцангуй хямд байгаа үед иргэд идшээ бэлтгэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 21 аймгийг зургаан бүс болгон хувааж зохион байгуулалт хийхээр төлөвлөж байгаа.
Мөн өнгөрсөн хоёр хоногт ОХУ-тай бүс нутгийн хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалт болсон. Энэ үеэр бид мал эмнэлгийн асуудал, ялангуяа вакцинаа дотооддоо савлах асуудлыг олон улсын түвшинд нээлттэй тавьж байгаа. ОХУ-аас холбогдох мэргэжилтнүүд манай Биокомбинатын үйл ажиллагаатай танилцсан. Мөн энэ сарын 22-26-нд мал эмнэлгийн чиглэлээр ОХУ-д ажиллах үеэрээ вакцины үйлдвэр болон ОХУ-ын бусад томоохон үйлдвэрүүдтэй танилцаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөж байна.
Улаанбуудайн үнийн асуудал мөн яригдаж байна. Бид энэ асуудлыг тал талын оролцоог хангаж, бодит өртөгт тулгуурлан үнэ тогтоох ажлыг зохион байгуулсан. Намар газар тариалангийн салбарт үндсэндээ хоёр ажил хийгддэг. Эхлээд баланс гаргаж, энэ жил хэр хэмжээний ургац авах вэ гэдгийг тодорхойлно. Үүний дараа улаанбуудай тариалахад ямар хэмжээний өртөг зардал гарсан, үнэ өсөхөд ямар хүчин зүйлүүд нөлөөлсөн бэ гэдгийг тооцно. Энэ ажилд Хөдөө аж ахуйн корпораци, манай яам, тариаланчид, Тариаланчдын үндэсний холбоо зэрэг талуудын төлөөлөл оролцсон комисс ажилладаг юм. Харин одоо түүхэндээ анх удаа 2-3 сарын хугацаанд 100 мянган тонн улаанбуудай худалдан авах ажлыг зохион байгуулах гэж байна. Үнийн хувьд дөрвөн сортын улаанбуудай байгаа. Нэгдүгээр сортын үнэ 1 сая 450 мянган төгрөгөөр тогтсон. Дараагийн сортуудын үнэ тус бүр 100 мянган төгрөгөөр буурсан байдлаар тогтоосон. Одоо бид төсвийн тодотголоо л хүлээж байна.
Цаашдаа Зүүн өмнөд Азийн улс орнууд руу эрдэнэ шиш, ногоон тэжээл экспортлох юм. Бид газар тариалангийн салбарын экспортын асуудалд анхаарч ажиллана.
Энэ жил “Шинэ хоршоо” хөдөлгөөн дээр шинэ мөнгө байхгүй. Өмнө нь олгосон зээлийн хүүгийн татаасаа төлөөд явж байгаа. Ер нь “Цагаан алт”, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо”, “Атар-4” зэрэг хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн хөрөнгө оруулалт, хөтөлбөрүүд үр дүнгээ өгч байгаа. Мөн Азийн хөгжлийн банкнаас зээл олгох ажлыг эхлүүлсэн. Нийт 200 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэртэй бөгөөд нэг компанид 3 сая ам.доллар хүртэлх зээл олгохоор анх төлөвлөсөн. Гэхдээ 3 сая ам.доллар гэдэг нь 10 гаруй тэрбум төгрөг болж байгаа. Ингэхээр 10 гаруй компани энэ хэмжээний зээл авмагц нийт эх үүсвэр дуусах нөхцөл үүсэж байгаа юм. Тиймээс нэг компанид олгох зээлийн дээд хэмжээг 10 тэрбум төгрөгөөс бага байлгахаар болсон” гэлээ.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-16





