"Оюу толгой" ХХК энэ оны эхний найман сард $5.5 тэрбумын орлого олжээ www.ikon.mn
"Оюу Толгой" ХХК 2026 оны эхний найман сарын үйл ажиллагааны тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Тус компани дурдсан хугацаанд гүний уурхайгаас 7.6 сая тонн хүдэр олборлож боловсруулахаар төлөвлөсөн байсан бол 1.8 сая тонноор төлөвлөгөөгөө давуулж, 9.4 сая тонн хүдэр олборложээ. Гүний уурхайн олборлолт эрчимжихийн зэрэгцээ хүдрийн биет дэх зэсийн агууламж өндөрссөнөөр Баяжуулах үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн байна.
Мөн олборлож боловсруулсан алтны хэмжээ, агуулга ч төлөвлөгөөнөөсөө давсныг "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхсүх онцоллоо.
Тэрбээр "Зэсийн олборлолт 251.7 мянган тонн байхаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 276 мянган тонныг боловсруулаад байна. Алт олборлох хэмжээг 286 мянган унц гэж төлөвлөөд байсан бол давуулан биелүүлж 339 мянган унц алт боловсрууллаа.
Эхний найман сард 3.6 тэрбум ам.долларын орлого олохоор төлөвлөсөн. Гүйцэтгэл 5.5 тэрбум ам.доллар байв. Ингэснээр чөлөөт мөнгөн урсгал 2.8 тэрбум ам.доллар болсон.
Гүний уурхайн олборлолтыг дагаад агуулга өсөж байна. Мөн зэсийн үнэ бидний төлөвлөснөөс илүү байгаа. Зэсийн үнийг дунджаар 10,500 ам.доллар гэж төсөөлсөн бол одоогоор 13,500 ам.доллар орчим, унц нь 3,900 ам.доллар гэж тооцсон алтны энэ жилийн дундаж нь үнэ 4,600 орчим байна" гэв.
"Оюу Толгой" компани 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар 834 тэрбум төгрөгийг татвар хураамж болон бусад төлбөрт төлжээ. Мөн дотоодын худалдан авалтад 1.3 их наяд төгрөг зарцуулсны 321.9 тэрбум төгрөг нь уурхайн үйл ажиллагаа явагдаж буй Өмнөговь аймагт зарцуулагдлаа.
Нэмж дурдахад "Оюу Толгой" компани нь 2010 оноос хойш өнөөг хүртэл нийтдээ 62 их наяд төгрөгийг үндсэн ажилтнуудын цалин, төсөвт төлж буй татвар хураамж, үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, хамтын ажиллагаа зэрэг зориулсан байна.
Нийтэлсэн огноо2026-09-17





