Сурвалжлага: Нийслэлийн шинэ эх үүсвэр ТЭЦ-5-ын бүтээн байгуулалт 20 хувьд хүрчээ www.news.mn
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж, цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Энэ үед олон жил яригдсан Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил бодитоор эхэлж, өнөөдөр төслийн талбайд барилга угсралтын ажил үргэлжилж байна.
Ньюс агентлагийн сурвалжлах баг энэ удаа Дулааны V цахилгаан станцын бүтээн байгуулалтын төслийн талбайд ажиллаж, төслийн явцтай танилцлаа.
Төслийн талбайд очиход зуух, турбин генератор, яндангийн суурийн ажлууд хийгдэж, бетон цутгалтын ажил үргэлжилж байв. Өмнө нь Дулааны II цахилгаан станцын үнсэн сан байсан энэ талбайд хуримтлагдсан үнсийг зөөж зайлуулан, станцын үндсэн байгууламжуудын суурийг бэлтгэжээ.
Дулааны V цахилгаан станцын төсөл 2025 оны арваннэгдүгээр сард төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулснаар дараагийн шатандаа орсон байна. Тус төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хэрэгжиж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 2026 оны дөрөвдүгээр сард эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажлын гүйцэтгэл 20 орчим хувьтай байгаа бол төслийн нийт гүйцэтгэл 30 гаруй хувьтай үргэлжилж байна.
Төслийн талбайд энэ онд суурийн болон бетон цутгалтын үндсэн ажлуудыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Харин ирэх аравдугаар сараас зуухны каркас, төмөр хийцийн эд ангиуд нийлүүлэгдэж эхэлснээр станцын үндсэн тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжлэх юм байна.
Үндсэн тоног төхөөрөмжийн захиалгыг 2026 оны зургадугаар сараас хийж эхэлжээ. Захиалгын гэрээний дагуу зуухны каркас болон бусад эд ангиудыг аравдугаар сараас эхлэн төслийн талбайд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Төслийн бүтээн байгуулалтын ажилд “ДЦС-5” ОНӨААТҮГ захиалагчын хяналт хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
320 ГАРУЙ АЖИЛТАН, ДӨРВӨН ТОМ КРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд гүйцэтгэгч компанийн 320 гаруй ажилтан, инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Барилга угсралтын үндсэн ажлыг дөрвөн том кран гүйцэтгэж байгаа бол үнс зөөж, зайлуулах ажилд 30 орчим машин ашиглажээ.
Төслийн талбай дээр ажиллах хүн хүч, техник хэрэгслийн тоо өвлийн улиралд ч буурахгүй. Харин зуухны каркас, төмөр хийцийн эд ангиуд нийлүүлэгдэж эхэлснээр бүтээн байгуулалтын дараагийн үе шат үргэлжилнэ.
Өөрөөр хэлбэл, өвлийн улиралд барилга угсралтын ажил зогсохгүй. Төслийн багийнхан бүх хүчин чадлаа дайчлан ажиллахаар төлөвлөж байна.
Төслийн ерөнхий инженер Г.Өлзийбаатар "Дулааны V цахилгаан станцын төсөл төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа. Төслийн санхүүжилтийн 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг төрийн тал хариуцах зохицуулалттай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар нийслэлээс 2027 онд 300 тэрбум төгрөгийн бонд гаргаж, төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Одоогийн байдлаар нийслэлээс төслийн хүрээнд 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт оруулаад байна. Хувийн хэвшлийн тал төслийн 80 хувийн санхүүжилтийг хариуцах бөгөөд тоног төхөөрөмжийн захиалга, үндсэн зуух, турбины үйлдвэрлэлийн ажил үргэлжилж байгаа" гэж мэдээллээ.
ТЭЦ-5 ХОЁР БЛОК, 300 МВТ-ЫН ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Дулааны V цахилгаан станц нь тус бүр 150 МВт-ын хүчин чадалтай хоёр блоктой байхаар төлөвлөгджээ. Өөрөөр хэлбэл, нийт 300 МВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Мөн цагт 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 1.1 сая Гкал дулааны эрчим хүч нийлүүлэх тооцоотой.
Станц ашиглалтад орсноор Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх 5 шар, Хилчин хотхон, мөн I болон III, IV хорооллын хэрэглэгчдийг дулаанаар хангах боломж бүрдэхээр байна.
Энэ нь Улаанбаатарын баруун бүсийн дулаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэхээс гадна шинэ орон сууц, бүтээн байгуулалтын төслүүдэд тулгардаг дулааны эх үүсвэрийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлэх юм. Төслийн үр өгөөжийг зөвхөн дулаан, цахилгаан үйлдвэрлэх хүчин чадлаар хэмжихгүй. Станц ашиглалтад орсноор шууд болон шууд бус байдлаар ажлын байр нэмэгдэх боломжтой. Төслийн мэдээллээр ашиглалтад орсны дараа ойролцоогоор 300 ажлын байр бий болох бөгөөд үүнийг дагасан үйл ажиллагаагаар нийтдээ 1000 орчим ажлын байр үүсэх боломжтой гэж тооцож байна.
2028 ОНЫ ХОЁРДУГААР ХАГАСТ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Дулааны V цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Төслийн гүйцэтгэл одоогоор батлагдсан графикийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд 2026 онд барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 40 хувьд хүргэх, 2027 онд 90 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Харин 2028 онд төслийн гүйцэтгэлийг 100 хувьд хүргэж, 300 МВт-ын хүчин чадалтай станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тодруулбал, 2028 оны хоёрдугаар хагаст станцыг ашиглалтад оруулах тооцоотой байна.
Төслийн талбайд одоо суурийн ажлууд ид өрнөж байгаа бол өвлийн улиралд зуухны каркас, төмөр хийцийн ажлыг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Тиймээс цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил зогсохгүй дээр дурдсанчлан төлөвлөгөөний дагуу үргэлжлэх аж.
Улаанбаатарын хувьд эрчим хүчний хэрэглээ цаашид нэмэгдэх хандлагатай байгааг судлаачид хэлж буй. Тиймээс нэг эх үүсвэрээс хамаарах бус, цахилгаан, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа. Дулааны V цахилгаан станц ашиглалтад орсноор Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний хомсдолыг бууруулах боломж бүрдэнэ. Ялангуяа цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийдэг нөхцөл багасаж, баруун бүсийн айл өрхүүдийн дулаан хангамжийн найдвартай байдал сайжрах хүлээлттэй байна. Үүнээс гадна Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахын тулд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Баянгийн 660 МВт-ын цахилгаан станцыг ашиглалтад оруулах зэрэг бусад төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар төслийн багийнхан мэдээллээ.
Ингэснээр 2030 он хүртэл дээрх эх үүсвэрүүд үе шаттай ашиглалтад орсноор нийслэлийн эрчим хүчний хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэхэнэ гэж тооцож байна.
40 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ТӨСӨЛ БОДИТ АЖИЛ БОЛЖ БАЙНА
Эргэн сануулахад, олон жил яригдсан ч ажил хэрэг болж чадалгүй хойшилсоор ирсэн ТЭЦ-5 төслийн нээлтийн ёслол 2026 оны тавдугаар сарын 4-нд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-2-ын үнсэн сангийн талбайд болсон. Нээлтийн үеэр Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд улс төрийн ашиг сонирхол, популизмын улмаас томоохон төслүүд удаа дараа гацаж ирснийг дурдаад, энэ удаад төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулахаар зорьж байгаагаа илэрхийлсэн.
Монгол Улсад өндөр хүчин чадлын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх ДЦС-4-ийг 1983 онд ашиглалтад оруулснаас хойш 40 гаруй жилийн хугацаанд ийм хэмжээний шинэ эх үүсвэр баригдаагүй юм. Тиймээс ТЭЦ-5 төсөл хэрэгжсэнээр нийслэлийн өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэглээг хангахаас гадна орон сууцжилт, үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна.
Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал одоогоор 1800 МВт орчим байгаа бол 2030 он гэхэд 3500 МВт орчимд хүргэх шаардлагатай гэсэн тооцоо бий. Өөрөөр хэлбэл, ойрын жилүүдэд эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэх төлөвтэй байна. Нийслэлийн дулаан хангамжийн систем ч мөн нөөцийн хувьд хязгаарт хүрсэн энэ үед шинэ эх үүсвэр бий болгох шаардлага улам нэмэгдэж байна.
Хүн амын өсөлт, эдийн засгийн тэлэлт, үйлдвэрлэлийн хөгжлийг даган эрчим хүчний хэрэглээ цаашид нэмэгдэх тул салбарын шинэ эх үүсвэр болон дэд бүтцэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай хэвээр байна.
Нийтэлсэн огноо2026-09-23





