Нүүрс тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ www.montsame.mn
Монгол Улс, БНХАУ төмөр замын бүтээн байгуулалт, нүүрс тээврийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тээврийн хүчин чадлыг нэмэхэд хамтран ажиллах боломжийг үргэлжлүүлэн судална.
БНХАУ-д айлчилж буй Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөл тус улсын “Чайна Энержи Инвестмент Групп” ХХК-ийн дэд ерөнхий захирал Фү Жэньбан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзан, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл, нүүрс тээврийн хамтын ажиллагаа, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийн тухай санал солилцлоо. Мөн төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан төмөр замын холболтыг нэмж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төмөр замын тээврийн хүчин чадлыг нэмэх тухай ярилцсаныг ЗТЯ мэдээлэв.
Энэ хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хуваарийн дагуу дуусгаж, төмөр замын боомтын үйл ажиллагаа, тээврийг эхлүүлэх бэлтгэл хангахыг онцлон хэлэлцжээ. Энэ төмөр замыг ашиглалтад оруулснаар Тавантолгой уурхайгаас Тавантолгой өртөө хүртэлх төмөр зам, ачилт буулгалтын байгууламжийн хүчин чадлыг нэмэх техник, эдийн засгийн судалгаа, төлөвлөлтийг хамтран эхлүүлэх боломжтойг ярилцсан байна.
Түүнчлэн нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, боомтын татан авалт, тээвэрлэх хүчин чадлыг нэмэх тухай ч тэмдэглэлээ. Цаашид өсөн нэмэгдэх тээвэрлэлтийг хангах зорилгоор төмөр замын хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, шаардлагатайг нь БНХАУ-аас худалдан авах, үүнтэй холбоотой санхүүжилт, экспортын зээлийн даатгал, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг ч хөнджээ.
Монголын тал Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалттай уялдуулан Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилтээ үе шаттай ахиулах шаардлагатайг онцлов. Мөн төмөр замын тээврийн тасралтгүй, аюулгүй үйл ажиллагааг хангахын тулд ажилтнуудын амьдрах орчин нөхцөл, нийгмийн дэд бүтцийг сайжруулахад хамтран ажиллах боломжийг судлах санал гаргажээ.
Нийтэлсэн огноо2026-09-22





