Говийн бүсэд зарласан сэргээгдэх эрчим хүчний аукционд гурван компанийн хамтарсан түншлэл шалгарлаа www.itoim.mn
Эрчим хүчний яам Говийн бүсийн цахилгаан хангамжийг 99.5 хувийн найдваржилттай, тогтвортой нийлүүлэх сэргээгдэх эрчим хүчний төслийн аукционы сонгон шалгаруулалтыг өнгөрсөн наймдугаар сард зарласан. Энэ хугацаанд аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс хоёр компани оролцох шаардлагыг хангаж, дэнчингээ байршуулжээ.
Аукционы ялагч нь Өмнийн говийн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайнуудын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангахад оролцож, импортын цахилгаан эрчим хүчийг бууруулахад хувь нэмэр оруулна.
Говийн бүсэд зарласан сэргээгдэх эрчим хүчний аукцион өнөөдөр 10 цагт эхэлж, дуудлага худалдааны үнийн дээд хязгаарыг 9.50 ам.цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд оролцогчид үүнээс доогуур үнэ санал болгон өрсөлдлөө. Тус өрсөлдөөнд “Нет Зеро Тек ХХК”, “М Си Эс Интернейшнл ХХК, “Өвөр Монголын Эрчим хүчний олон улсын хамтын ажиллагаа ХХК”-ийн түншлэл 7.90 америк центийн үнэ санал болгосноор энэхүү төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Говийн бүсэд тогтворжуулах шийдэл бүхий СЭХ-ний үүсгүүр барих төсөл ЯАГААД шаардлагатай вэ?
Говийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2020 оноос хойш тогтмол нэмэгдсээр байгаагаас БНХАУ-аас импортолсон цахилгаан эрчим хүчний хэмжээ болон төлбөр тогтмол өсөж байна.
Өмнийн говийн бүсийн томоохон уул уурхайн төслүүдийг дотоодын, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах зайлшгүй шаардлагатай.
БНХАУ-ын Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний компани нь Оюутолгой төслийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа бөгөөд холбогдох гэрээний хугацаа 2030 онд дуусна.
Уурхайн үйлдвэрлэлийн тасралтгүй, аюулгүй ажиллагааг найдвартай хангахын тулд цахилгаан эрчим хүчний олон төрлийн бие даасан эх үүсвэрийг хослуулна.
Уурхайн тасралтгүй, найдвартай ажиллагааг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг батарей хуримтлуурын систем, суурь чадлын эх үүсвэр, нэгдсэн сүлжээ болон аваарын нөөц хангамжтай хослуулан хангана.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-24





