Ц.Сандаг-Очир: 2028 онд 600 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад оруулна www.itoim.mn
Багануурын уурхайг түшиглэн, хүрэн нүүрсэнд тулгуурласан сайжруулсан түлш бэлтгэх энэхүү төслийг гүйцэтгэх, хэрэгжилтийг хангах зорилготой "Эрдэс Монгол" хуучнаар "Чингис Хаан" баялгийн нэгдэл сан болон нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтарсан ААН байгуулах асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрээр “Өнөөдрийн хурлаар Багануурын уурхайг түшиглэн, хүрэн нүүрсэнд тулгуурласан сайжруулсан түлш үйлдвэрлэх төслийг дэмжиж, холбогдох компанийг албан ёсоор байгуулахаар болж байна. Энэ төсөл нийт 140 гаруй сая ам.долларын өртөгтэй. Үндсэн зорилго нь Улаанбаатар хотын өвлийн ачааллын үед утааг бууруулах юм. Хэрэв бид энэ намартаа багтаан үйлдвэрийн гэрээт гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээг байгуулж чадвал 2028 оны эхний хагас жилд багтаан үйлдвэрээ ашиглалтад оруулж, бүтээгдэхүүнийг ахуйн хэрэглээнд нийлүүлэх боломжтой болно. Одоогийн байдлаар есөн компани саналаа ирүүлээд байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 900 гаруй шинэ ажлын байр бий болох бөгөөд өвлийн ачааллын үед 600 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх хүчин чадалтай байна.
Нөгөө талд хүрэн баавгай хүн амын суурьшлын бүс рүү орж ирсэн тохиолдол 12 аймагт нийт 240 гаруй бүртгэгдээд байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нийслэлд баавгай орж ирсэн тухай хоёр удаагийн дуудлага ирсэн. Үүнийг уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилт, идэш тэжээлийн хомсдол, ургацын бууралттай шууд холбоотой гэж үзэж байна. Манай улс 1980 оноос хойш хүрэн баавгайн тооллогыг хийгээгүй. Тухайн үед 500 гаруй хүрэн баавгай байна гэсэн тооцоо, судалгаа гарч байсан.
Одоо бид юу хийх ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд иргэдийн аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Ууланд алхаж, агаар салхинд гарч байгаа иргэд сонор сэрэмжтэй байж, баавгайтай таарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн орон нутагт хадлангийн ажил явагдаж байгаа учраас энэ үеэр иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна.
Орон нутгийн байгаль орчны байгууллагууд болон улсын байцаагчид одоогоор хяналт тавин ажиллаж байгаа. Гэхдээ шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийн хувьд хангалтгүй байна. Тиймээс бид олон улсын туршлагыг судалж, эхний ээлжид орон нутгийн байгаль орчны байгууллагуудыг баавгайг унтуулах зориулалттай буугаар хангах асуудлыг шийдэж байна. Мөн баавгайг айлгаж, үргээх зориулалттай шүршлэгийг ангийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдтэй хамтран богино хугацаанд гаднаас импортоор оруулж ирэхээр ажиллаж байна.
Орон нутгийн байгаль орчны байгууллагуудын санхүүжилтийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, нийт 1 тэрбум 88 сая төгрөгийг улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлүүллээ. Мөн тусгай хамгаалалттай газар нутгуудад баавгайг амьдаар нь барих зориулалттай тор, хэрэгслийг бэлтгэх чиглэл өгч ажиллаж байна.
Харин хүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, амь тулсан нөхцөлд өөрийгөө хамгаалах үүднээс зарим аймагт баавгайг буудах чиглэл өгсөн. Тухайлбал, Дархан-Уул аймагт гурван баавгайн квот олгосон. Цаашид хууль эрх зүйн орчныг судалж тодорхой тооны баавгайг тусгай зориулалтаар агнах асуудлыг ярина. Манай яамны хийсэн дүгнэлтээр суурьшлын бүс рүү эцэж турсан, шарх сорвитой баавгайнууд орж ирж байна. Ихэнх нь зулзаган баавгай байгаа. Энэ нь нэг талаас баавгайн тоо толгой өссөнтэй холбоотой байж болох бол нөгөө талаас байгалийн жамаараа хөөгдөж, туугдаж явсан баавгай суурьшлын бүс рүү орж ирж байх магадлалтай гэсэн дүгнэлт гарсан” гэлээ.
Сандэлгэр ЗОЛЗАЯА
С.Золзаяа нь 2022 онд МҮИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-09-23





