Шүүхээс найруулагч Б.Баатарт хилийн хориг тавьжээ www.itoim.mn
Шүүхээс найруулагч Б.Баатарт холбогдох хэргийн прокурорын саналыг хэлэлцээд хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүхийн мэдээг хүргэе.
ЯЛЛАГДАГЧ Б.Б-Д ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ТУХАЙ
Шүүхийн нэр: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх
Шийдвэрийн огноо, дугаар: 2026.09.25-ны өдрийн 2026/3009/ЭХ/ШЗ/006820 дугаар шүүгчийн захирамж
Тоймын дугаар, огноо: 2026.09.25 №49
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах, мөнгө угаах, гэмт хэргүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санал ирүүлснийг шүүх 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн гаргасан санал зэрэгтэй танилцаад яллагдагчид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын саналыг хүлээн авч, яллагдагч Б.Б-д 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг.
Нийтэлсэн огноо2026-09-26





