Улаанбаатар төмөр замаар 13 мянган тонн шатахууныг татан авч байна www.montsame.mn
Улаанбаатар төмөр замаар 217 вагон буюу 13 мянган тонн авто бензин татан авч байна. Энэ нь улсын хэмжээнд 5-6 хоногийн хэрэгцээг хангах хэмжээ гэж АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын хэлтсийн дарга Д.Даваабаяр мэдээллээ.
Манай улсад есдүгээр сарын 30-ны байдлаар 59 мянган тн авто бензин, 188 мянган тн дизель, 11 мянган тн онгоцны түлш, нийт 257 мянган тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж ирээд байна. Хөрш орнуудаас авто бензинийг тасралтгүй нийлүүлж, 10 дугаар сарын захиалгаа хийж байгаа ч ОХУ-д үүсээд буй дотоодын нөхцөл байдлаас хамааран, манай улсад сар бүр нийлүүлдэг шатахууны хэмжээгээ 20 хувиар багасгаад байгаагаас хомсдол үүсээд байгаа юм.
Шатахуун түгээх станцууд бүтээгдэхүүнээ хадгалах шаардлага байхгүй, олон хүнд хүртээмжтэй хүргэх арга хэмжээ авч байна. Зарим тохиолдолд эмнэлэг, түргэн тусламж, онцгой байдал, цагдаа зэрэг зайлшгүй шаардлагатай байгууллагад тусгай үйлчилгээ үзүүлэх нь бий гэдгийг нефть импортлогч компанийн төлөөлөл хэлж байлаа.
Нийтэлсэн огноо2026-09-30





