Г.Дамдинням: Дотооддоо шийдэх боломжтой шаардлагыг бүрэн хүлээж авна. Харин гадаад шокийг би шийдэхгүй www.itoim.mn
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны татан авалт, хариу арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногоос нийслэл болон орон нутагт шатахууны нийлүүлэлт саатаж, оочир дараалал ихсээд байгаа юм. Г.Дамдинням сайдын хувьд Ерөнхий сайд Н.Учралын Япон улсад хийх айчлалын багт ажиллаж, Японы талд газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад хамтрах саналыг тавьж, нааштайгаар шийдвэрлүүлэхээр болсон байна. Ингэсээр Монгол Улс нэг сарын хэрэглээгээ нөөцлөх түлш, шатахууны савтай болно гэж тооцож байгаа аж.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням: Манай улс жилдээ 380 мянган тонн газрын тос олборлож байна. Үүний 30 хувь бензин болох боломжтой. Энэ нийт ачаалалтай үеийн нэгхэн сарын хэрэглээ юм. Тиймээс бид олборлож байгаа хэмжээгээ цаашид 1.5 саяд хүргэж байжнийт бензиний хэрэглээнийхээ 50 хувийн дотоодоосоо хангах боломжтой болох юм. Тиймээс яам газрын тосны хайгуул судалгааг эрчимжүүлэхэд нэлээд анхаарч ажиллаж байна.
Онгоцны түлш хүндэрсэн байсныг нааштайгаар шийдэж гайгүй нөөцтэй болсон. Дизель түлш бол уул уурхай, хөдөөө аж ахуйн салбарыг хөдөлгөж байгаа гол бүтээгдэхүүн. Дизель түлш хүндэрч байсныг мөн нааштайгаар шийдэж, нөөцөө бэлдэж байна. Одоо өвлийн түлшний нөөцөө бэлтгэж, захиалгаа баталгаажуулж, олон эх үүсвэрээс авахаар яриа явж байна.
АИ-92 автобензиний хувьд дэлхийн даяар маш хүнд, үнэ нь өсөж, олдоц ховор байна. Богино хугацаанд авах арга хэмжээ бол аль болох олон эх үүсвэрээс авахаар яриа хэлцэл хийсээр байна. Дэлхийн хаанаас ч авч болно. Харин Монголын хувьд тээвэр ложистикийн хүндрэлтэй нүүр тулж байна. Нэг бол ОХУ-ын нутгаар, эсвэл БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан авдаг. Энэ өгөгдсөн боломж, нөхцөлдөө тааруулан аж ахйн нэгж байгууллагуудтайгаа хамтран асуудлаа шийдээд явж байна.
Ард иргэдийн зүгээс тавьж байгаа дотооддоо зохион байгуулалтаа сайжруулаад шийдэж болох зүйлсийг шуурхайн шийдэх үүргийг Ерөнхий сайд өгсөн.
-Гадаа иргэд бухимдлаа илэрхийлж жагсаж байна. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна, ямар тайлбар өгөх вэ?
-Шагийн бензин болон байгаа зүйлээ хэвийн олгохгүй байгаа асуудлыг хууль хяналтын байгууллага, Монополын эсрэг байгууллага шалгах ёстой. Шаардлагатай арга хэмжээг хурдан шуурхай аваад явах ёстой. Иргэдийн бухимдлаа илэрхийлж, жагсаж байгаа санал, шаардлагыг хүлээж авна. Зүй ёсны, дотооддоо шийдэх боломжтой шаардлагыг Засгийн газар хүлээн авч, шийднэ. Шуурхай штабын зүгээс иргэдийн саналыг сонсоно, хүлээж авч уулзана, шийдэх ёстой зүйлсээ хамтдаа шийдээд явна. Харин гадаад эх үүсвэрээс хамааралтай шок дээр ямар нэгэн хариулт, амлалт өгөх боломж алга. Бид үйлдвэрлэдэггүй, бас бид зардагггүй. Шатахуун бол бүх улсад стратегийн бүтээгдэхүүн. Тухайн улс орнуудад шатахууны худалдааг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд нь хийдэг ч гэсэн тухайн улсын Засгийн газар экспортлохгүй гээд шийдчихвэл тэгж л явдаг. Тоо хэмжээг нь хүртэл гар удирдлагаар шийдэж байна. Хэнд, хэдийг, хэзээ өгөх вэ гэдгийг Засгийн газар нь тухай бүрд нь шийдэж байна. Хуучин гэрээ хийгээд авчихдаг байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал тийм биш, боломжгүй болчихоод байна.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-10-03





