Нийслэл нэмэлт санхүүжилтээр 206.8 тэрбум төгрөг зарцуулжээ www.news.mn
Нийслэлийн 2025 оны төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар төсвийн байгууллагууд батлагдсан төсөвт тусган санхүүжүүлэх боломжтой зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан зарцуулсан зөрчил илэрчээ. Тухайлбал, 2025 онд нийслэлийн төсвийн байгууллагууд нэмэлт төсвөөр 228.1 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 206.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Мөн 20.4 тэрбум төгрөгийн авлага үүсгэж тайлагнажээ. Нэмэлт төсвийн хэмжээ өмнөх оноос 12.5 хувиар буюу 28.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Нэмэлт санхүүжилтийн 68.5 хувь буюу 156.2 тэрбум төгрөгийг дээд шатны төсөв захирагчдаас хуваарилсан хөрөнгө эзэлжээ. Харин 31.7 тэрбум төгрөгийг нөөц хөрөнгөөс, 22.3 тэрбумыг хандив тусламжаас, 17.9 тэрбумыг төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагаанаас бий болсон нэмэлт орлогоос бүрдүүлсэн байна. Зарцуулалтыг авч үзвэл 58.1 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, хөрөнгө худалдан авахад, 51.6 тэрбумыг орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд, 22.2 тэрбумыг гэрэлтүүлэг, тохижилт, ариутгал, хог хаягдал зайлуулахад зарцуулжээ.
Мөн үнэт цаасны шимтгэл, хураамжид 16.4 тэрбум, гэр хорооллын дулаалга болон шингэрүүлсэн хийн баллон түгээх цэг байгуулахад 15.3 тэрбум, нөөцийн мах худалдан авч борлуулахад 13.4 тэрбум, нийтийн тээврийн үйлчилгээнд 10.6 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Аудитын дүгнэлтээр батлагдсан төсөвт тусган санхүүжүүлэх боломжтой зардлыг нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулан зарцуулсан нь төсвийн төлөвлөлт, зарцуулалтын ил тод байдал болон төсвийн сахилга баттай холбоотой хууль, журмын шаардлагыг зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн засварт зориулан 9 дүүрэгт нийт 10.2 тэрбум төгрөг хуваарилснаас Баянхошуу дүүрэг 93.7 сая төгрөгийг холбогдох захирамжгүй зарцуулсан байна. Мөн худалдан авах ажиллагааны холбогдох дээд хязгаарыг баримтлалгүйгээр Сонгинохайрхан, Багануур дүүрэг нийт 2.3 тэрбум төгрөгийн худалдан авалтыг шууд гэрээгээр хийсэн зөрчил илэрчээ. Нэмэлт санхүүжилтийн данснаас 172.4 сая төгрөгийг нэр, дансны зөрүү гэх утгаар гүйлгээ хийж гаргасан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зөрчил илэрсэн байна.
Нийтэлсэн огноо2026-10-06





