Малын органик тэжээл үйлдвэрлэх хүчин чадлаа 10 дахин нэмжээ www.montsame.mn
Монголын органик тэжээлийн анхны үйлдвэр малын тэжээлийг өдөрт 5 тонн үйлдвэрлэдгээ 50 тн болгох бүрэн автомат техник технологитой болжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсаныг Засгийн газрын ХМОНХГ мэдээлэв.
Мимо гэдэг нь “миний монгол” гэсэн үгийн товчлол ажээ. Мимо тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 болж өсөх боломжтой бөгөөд тус үйлдвэр өөрийнх нь бүтээгдэхүүнээр тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэх, зах зээлд чанартай мах нийлүүлэхийг зорьж байна.
“Эйл Би Эйч Агро” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэн тариалж байна. Энэ онд 1200 орчим га талбайд улаан буудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалжээ. Малын эрдэс тэжээлийн үйлдвэрээ 2022 онд байгуулж, 100 хувь байгалийн гаралтай Мимо нэрийн бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлсэн бол өнгөрсөн онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэрийг ашиглалтад оруулжээ. Үйл ажиллагаандаа олон улсын ISO9001:2015, мөн ISO22000:2018 стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс, багсармал, хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар багасгах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар нэмэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцуулжээ.
Нийтэлсэн огноо2026-10-11





