Экспорт 51.2 хувиар нэмэгджээ www.montsame.mn
Монгол Улс энэ оны эхний 9 сард 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 25.9 тэрбум ам.долларт хүрлээ.
Үүнээс экспорт 16.2 тэрбум, импорт 9.7 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 6.5 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.6 хувь буюу 6.7 тэрбум, экспорт 51.2 хувь буюу 5.5 тэрбум, импорт 13.8 хувь буюу 1.2 тэрбум, тэнцэл 3 дахин буюу 4.3 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна.
Экспорт энэ оны эхний 9 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5 тэрбум ам.доллароор нэмэгдэхэд зэсийн хүдэр, баяжмал 3.1 тэрбум, нүүрс 2 тэрбум, самнасан ноолуур 124.2 сая, боловсруулаагүй, хагас боловсруулсан алт 104.2 сая, гянтболдын хүдэр, баяжмал 61.8 сая, жоншны хүдэр, баяжмал 58 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин тунгаасан зэс, хайлш 49.1 сая, молибдений хүдэр, баяжмал 29.8 сая, хонь, ямааны мах 24.8 сая, адууны мах 9.4 сая ам.доллароор буурлаа.
Импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.2 тэрбум ам.доллароор өсөхөд дизелийн түлш 549 сая, авто бензин 83.2 сая, бульдозер, экскаватор зэрэг 67.2 сая, шинэ дугуй 56.3 сая, хар төмөр бүтэц, эд анги 43.7 сая ам.доллароор өссөн нь нөлөөлжээ. Харин суудлын авто машин 74.4 сая, ачааных 46.4 сая, ухаалаг гар утас 14.3 сая ам.доллароор буурсан байна.
Экспорт энэ оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 17.6 хувь буюу 384.6 сая ам.доллароор багассан бол импорт 12.4 хувь буюу 149.8 сая ам.доллароор нэмэгдлээ.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл гоёлын зүйлс, нэхмэл эдлэлийн экспорт нийт экспортын 97.5 хувийг эзэлсэн бол импортын 71.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн эзэлжээ.
Алтны хувьд хилийн дундаж үнэ энэ оны эхний 9 сард өнгөрсөн оны мөн үеийнхээс унц тутамд 1373.9, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1204.5, нүүрснийх 5.1 ам.доллароор өсөж, төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 1.6 ам.доллароор багаслаа.
БНХАУ-д экспортолсон барааны 40.4 хувийг нүүрс, 46.9 хувийг зэсийн хүдэр, баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.6 хувийг боловсруулаагүй, хагас боловсруулсан алт эзэлж байв.
Энэ оны эхний 9 сард Гашуун сухайт боомтоор экспортлосон нүүрсний нийт экспортод эзлэх хувь 41.1 болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.4 нэгж хувиар багаслаа. ОХУ-аас импортолсон барааны 76.5 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Японоос импортолсон барааны 76.4 хувийг суудлын авто машин, БНХАУ-аас импортолсон барааны 6 хувийг ачааны авто машин эзэлж байна. Авто бензиний импорт дээрх хугацаанд 684.9 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.6 хувиар, дизель түлшнийх 1.5 сая тонн болж 7.5 хувиар өсжээ.
Нийтэлсэн огноо2026-10-11





