О.Номинчимэг: Тамхидалт 2030 он гэхэд 14 хувиар буурна www.itoim.mn
УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын 78 гишүүний санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн 78.6 хувийн саналаар эцэслэн баталлаа. Уг хуулийн төсөл 2025 оны хаврын чуулганы үеэр өргөн мэдүүлэгдсэнээс хойш нэлээд маргаан, шүүмжлэл дагуулсан юм.
Хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний худалдаа, сурталчилгаа, хэрэглээ болон хяналтыг зохицуулахад чиглэжээ. Мөн хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, бүтээгдэхүүний найрлага, никотины агууламжид тавих хяналтыг сайжруулах зорилготой байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хамрын тамхийг өв соёлтой холбоотой гэж үзэн янжуур, электрон болон халаадаг тамхинаас ялгаатай зохицуулалтаар авч үзсэн. Харин электрон тамхины сурталчилгааг хязгаарлаж, зөрчилд ногдуулах торгуулийг шинэчлэх, тамхитай холбоотой тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг чангатгахаар тусгасан. Бүтээгдэхүүн зах зээл дээр байж болох ч зар сурталчилгааг хэрхэн хийх, хүүхдэд борлуулах, эсэх никотины агууламжийг хянах, татвар, хураамжийг хэрхэн ногдуулах зэргийг нэг бүрчлэн хуулийн заалтаар зохицуулсан. Тамхидалт 2030 он гэхэд 14 хувиар буурна.
Ирэх нэгдүгээр сарын 1-ээс үнэр, амт оруулсан тамхин төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэнэ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс үнэр, амт оруулсан, гаатай тамхин төрлийн бүтээгдэхүүний татвар нэмэгдэнэ. Мөн электрон болон янжуур тамхины импорт, худалдаанд тавих хяналтыг сайжруулж, холбогдох зөрчилд хуулийн дагуу хариуцлага тооцно. Түүнчлэн их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метрийн радиуст тамхин төрлийн бүтээгдэхүүн худалдаалахгүй байхаар зохицуулсан. Хятад улсад электрон тамхи хэрэглэхийг бүрэн хориглосон ч гадны зах зээлд худалдах зориулалтаар дотооддоо үйлдвэрлэдэг. Дал гаруй иргэн, аж ахуй нэгж байдгаас 95 хувь нь БНХАУ-аас оруулж ирдэг.
Монгол Улсад жил бүр тамхины хэрэглээтэй холбоотой шалтгаанаар 4300 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо бий. Энэ нь нийт нас баралтын 17 орчим хувийг эзэлдэг аж. Мөн тамхины хэрэглээнээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал жилд 801 тэрбум төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 2.1 хувьтай тэнцдэг байна.
Монгол Улсад Тамхины хяналтын тухай хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хойш хэд хэдэн удаа шинэчлэгдэж, нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Батхуяг МӨНХЗУЛ
Б.Мөнхзул МУБИС-ийг спортын сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-10-18





