Украин Оросын газрын тосны терминалд цохилт өгч, 1015 дроноор довтолжээ www.itoim.mn
Украин улс аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө Оросын нутаг дэвсгэрт энэ оны хамгийн том дроны довтолгоонуудын нэгийг үйлдэж, Санкт-Петербург хотын газрын тосны терминалыг онилжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсоохыг Украинд уриалж буй үед болсон байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, тус улсын хэд хэдэн бүс нутагт Украины нийт 1,015 дроныг устгажээ. Довтолгооны үеэр Санкт-Петербург хотын газрын тосны терминалын нутаг дэвсгэрт гал гарсан талаар дрон үйлдвэрлэгч Украины Fire Point компани мэдээлсэн байна. Тус терминал жилд 12.5 сая тонн хүртэлх хэмжээний газрын тос боловсруулах хүчин чадалтай аж.
Мөн Оросын цахим худалдаа, түгээлтийн Ozon компанийн логистикийн төвүүдийн нэг довтолгоонд өртжээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, таван хүн шархадсан бөгөөд орон сууцны барилгууд эвдэрсэн байна.
Украины довтолгоо нь Ерөнхийлөгч Владимир Зеленский, Дональд Трамп нарын харилцаа хурцдаж буй үед болсон ба Трамп өнгөрсөн долоо хоногт Украины Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилтыг ичгүүртэй хэмээн шүүмжилсэн юм.
Украин хэсэг хугацаанд Оросын эрчим хүчний байгууламжуудад цохилт өгөхөө зогсоосон ч дахин сэргээжээ. Харин Орос улс Украины эрчим хүчний байгууламжууд болон хотууд руу довтолсоор байгаа гэж Украины тал мэдэгдсэн байна.
Украины Ерөнхийлөгч Зеленский ням гарагт X нийгмийн сүлжээндээ АНУ-ын Ерөнхийлөгч эрчим хүчний салбарын довтолгоог зогсоох тухай мэдэгдсэнээс хойш Орос улс Украины эрчим хүч, газрын тос, байгалийн хийн салбаруудад нийт 76 удаа довтолсон гэж бичжээ.
Мөн Трампын засаг захиргаа Оросын дизель түлшний импортод тавьсан хоригийг түр чөлөөлж, баасан гарагт АНУ-ын Конгрессоос тогтоосон өргөн хүрээний эдийн засгийн хориг арга хэмжээний зарим шаардлагаас Оросыг чөлөөлөх шийдвэр гаргасан нь Бүгд найрамдах намын зарим гишүүний шүүмжлэлийг дагуулжээ.
Үүний зэрэгцээ Украины цэргийн хүчин богино зайн болон фронтын дронуудаа удирдахад ашигладаг Starlink хиймэл дагуулын сүлжээнд нэвтрэх боломж хязгаарлагдмал хэвээр байгааг Зеленский мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, дроны хурд цагт 161 километрээс хэтрэх үед Starlink холболт тасарч, дрон удирдлагагүй болдог аж.
Түүнчлэн Украины нутаг дэвсгэрт Starlink болон АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зориулалттай Starshield системийг ашиглан тийрэлтэт хөдөлгүүртэй Шахед дроныг устгах боломжгүй болсон гэж Зеленский мэдэгджээ. Тэрбээр уг хязгаарлалт Украины өөрийгөө хамгаалах чадварт сөргөөр нөлөөлж байгааг шүүмжилсэн бол Трампын засаг захиргаа Starlink үйлчилгээг хязгаарласан гэх мэдэгдлийг няцаасан байна.
Үүнээс гадна Украины эрх баригчдын мэдээлснээр, аравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих 24 цагийн хугацаанд Оросын пуужин болон дроны довтолгооны улмаас Украинд мөн 11 хүн амиа алдаж, 50 орчим хүн шархаджээ. Тэдгээрийн дотор Одесса мужийн эрчим хүчний байгууламжуудад өгсөн томоохон хэмжээний довтолгоо багтсан байна.
Эх сурвалж: CNN
Дэлгэрмаа НОМИН
МУИС-ийн Сэтгүүл зүйн гуравдугаар түвшинд суралцдаг бөгөөд iToim.mn сайтад 2026 оноос сэтгүүлчээр ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-10-19





