Рио Тинто 2027 онд Оюу толгойгоос ногдол ашиг хуваарилна гэдгээ батлав www.itoim.mn
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Сангийн сайд З.Мэндсайхан Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч Рио Тинто группээс ирүүлсэн албан бичгийг уншиж танилцуулжээ. Учир нь, өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар 2027 онд Оюу толгой төслийн 34 хувийг эзэмшигчийн хувьд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсныг мэдээлсээр ирсэн. Харин хөрөнгө оруулагч, гол хувьцаа эзэмшигч болох Рио Тинто групп тодорхой мэдээлэл өгөөгүй байсан.
Тэгвэл 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хөрөнгө оруулагч талыг төлөөлж Рио Тинто Монгол компанийн Ерөнхий захирал Б.Дуламсүрэн, Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар албан бичгээр 2027 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахыг баталж, албан ёсоор тооцооллууд хийгдэж байгааг Засгийн газарт мэдэгджээ.
Албан бичгийн агуулга нь (Сангийн сайдын уншсанаар): Монгол Улсын Ерөнхий сайд болон Рио Тинто группийн Гүйцэтгэх захирлын уулзалтын үеэр талууд Оюу толгой ХХК-аас 2027 онд хувьцаа эзэмшигчдийн хувь эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох асуудлаар санал солилцсон. Үүний дагуу Засгийн газраас 2027 онд Оюу толгой ХХК-аас 3 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан бид төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ нь Оюу толгой ХХК-ийн 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх татвар, АМНАТ, бусад төлбөр хураамжаас гадна төлөгдөх дүн байх юм. Бид Монгол Улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж Оюу толгой ХХК-ийн санхүүгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ Монгол Улсад оруулах хувь нэмрийг нэмэгдүүлж, эдгээр боломжийг бодит үр дүн болгоно гэдэгт итгэлтэй байна.
Хөрөнгө оруулагч талын байр суурь баталгаажлаа. Мэдээж Оюу толгойн ногдол ашиг хуваарилах дээр иргэдийн санал нэгд байна.
Ерөнхий сайд Н.Учрал: Оюу толгой компанийн ТУЗ-ийн дарга болон Рио Тинто группийн гүйцэтгэх захиралтай уулзах үеэрээ 2027 онд Оюу толгойгоос 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг тооцож төсөвт төвлөрүүлнэ гэдгээ би албажуулсан. Энэ хүрээндээ олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Мөн иргэд өөрсдөө ногдол ашгаа бэлнээр авах эсэхээр санал асуулга явуулсан. Эдгээр санал бүгд 100 мянга давсан. Өнөөдөр Оюу толгой болон Рио Тинто компанийн талаас албан бичгээр байр суурийг нь авсан. Мэдээж ТУЗ болон Зэсийн группээсээ зөвшөөрөл авч байж таараа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч тал нэгдсэн шийдвэрт хүрснээ бидэнд илгээсэн гэсэн үг. Одоо бид ногдол ашгаа ямар хуваарийн дагуу авахаа эцэслэнэ. Хэлэлцээрийнхээ хүрээнд ногдол ашиг ямар хугацаанд орж ирэхийг Сангийн сайд эргэн мэдээлнэ. Мэдээж иргэдийн санал нэгд байна. Төрийн тэргүүн ч байр сууриа илэрхийлсэн. Бид энэ саналуудыг хүлээж аваад, шаардлагатай бол УИХ дэгийн хуулийн дагуу Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо дээрээ иргэдийн 100 мянган саналыг хүлээн авч, улс төрийн шийдвэрээ гаргах. Шаардлагатай хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосны дараа Засгийн газар хуулиа биелүүлэх үүрэгтэй. Эцсийн байдлаар хөрөнгө оруулагч тал байр сууриа илэрхийлсэн нь захидлаар албажиж байна.
Сангийн сайд З.Мэндсайхан: Хөрөнгө оруулагч тал Оюу толгойн ногдол ашиг дээр байр суурь илэрхийлсэнгүй гэдэг улс төр явж байсан. Энэ бүхэнд энэ захидал хариулт болно. Эцсийн байдлаар Рио Тинто групп болон Оюу толгой компаниас ногдол ашгийн 3 их наяд төгрөгийг 2027 онд гурван үе шаттай төвлөрүүлнэ. Ногдол ашиг нь Оюу толгой компанийн улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамж, төлбөрөөс тусдаа төлбөр гэдгийг баталгаажуулж байна.
Ганболд БАТЖАРГАЛ
Сэтгүүлч Г.Батжаргал нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгэм, эдийн засгийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Нийтэлсэн огноо2026-11-11





