1 CHINA-MONGOLIA-RUSSIA WEEKLY PASSENGER TRAIN STARTS OPERATION FROM NOVEMBER 25, BOOSTING CROSS-BORDER EXCHANGES WWW.GLOBALTIMES.CN PUBLISHED:2026/11/25      2 BEAR SIGHTINGS REPORTED IN RESIDENTIAL AREAS ACROSS MONGOLIA AMID WINTER CONDITIONS WWW.XINHUANET.COM PUBLISHED:2026/11/25      3 ULAANBAATAR TO SHIFT 7,800 HOUSEHOLDS TO ELECTRIC HEATING THIS WINTER WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      4 AMID POLITICAL CRISIS, HIGH STAKES FOR MONGOLIA’S 2027 PRESIDENTIAL ELECTION WWW.THEDIPLOMAT.COM PUBLISHED:2026/11/25      5 ULAANBAATAR PROJECTS REVENUE OF MNT 4.6 TRILLION AND EXPENDITURE OF MNT 4.8 TRILLION FOR 2027 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      6 MIAT MONGOLIAN AIRLINES TO TAKE DELIVERY OF BOEING 737 MAX 8 WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/25      7 70 YEARS AFTER BEING LOST, DINOSAUR FOOTPRINT SITE REDISCOVERED IN MONGOLIA; 31 TRACKS REVEAL GIANT PREDATORS WWW.MONEYCONTROL.COM PUBLISHED:2026/11/25      8 EURASIA ENERGIES SECURES RUSSIAN PORT SUPPORT, SIGNS MOU WITH ORISSA STEVEDORES FOR MONGOLIA-INDIA COKING COAL CORRIDOR WWW.BIGMINT.CO PUBLISHED:2026/11/24      9 ERDENET MINING CORPORATION SELLS COPPER CONCENTRATE ON THE MONGOLIAN STOCK EXCHANGE WWW.MONTSAME.MN PUBLISHED:2026/11/24      10 MONGOLIA WINTER TRAVEL FACES RENEWED FUEL SQUEEZE FOR 2026–27 WWW.THETRAVELER.ORG PUBLISHED:2026/11/24      ₮3.5 ТЭРБУМААР 1000 ТОНН БАРЬЦАЛДУУЛАГЧ АВЧ, ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ГЭХ С.ДАВААСҮРЭНГ МАРГААШ ШҮҮНЭ WWW.EGUUR.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     Н.УЧРАЛ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛИЙГ ТАЙЛАНГААР БУС, БОДИТ ҮР ДҮНГЭЭР ДҮГНЭНЭ WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/26     АТГ-ААС 1.082 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БАРЬЦАЛДУУЛАГЧИЙГ БИТҮҮМЖИЛЖЭЭ WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "ГАНГИЙН ҮЙЛДВЭРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД "BEIJING JIANLONG HEAVY INDUSTRY GROUP" ЯЛАЛТ БАЙГУУЛСАН" WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ОНТРЭ” ХХК-ТАЙ ХИЙХ ХЭЛЭЛЦЭЭГ ИРЭХ ОНЫ НЭГДҮГЭЭР САРД ЭХЛҮҮЛНЭ WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     Ц.САНДАГ-ОЧИР: НӨМРӨГИЙН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ 3.3 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН ГЭЖ ДҮГНЭСЭН WWW.EAGLE.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     WASHINGTON TIMES: ШАШНЫ ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛАХЫН ТУЛД МОНГОЛ УЛС ӨӨРИЙН БОГД ЛАМЫН ШАШНЫ ҮЙЛ ХЭРГИЙГ ДЭЭДЭЛЖ, ДЭЛГЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ WWW.ITOIM.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     "2027 ОНД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ 5.5 ХУВЬД ХҮРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА" WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     МИАТ “ӨГЭДЭЙ ХААН” ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨ АНУ-ЫН СИЭТЛ ХОТОД ХҮЛЭЭН АВЛАА WWW.MONTSAME.MN НИЙТЭЛСЭН:2026/11/25     “ТӨРИЙН НУУЦ НЭРЭЭР ХАЛХАВЧИЛСАН ГЭРЭЭ, ХЭЛЦЛИЙГ ИЛ ТОД БОЛГОНО” WWW.NEWS.MN НИЙТЭЛСЭН:2026/11/24    
Англи амин дэм Монгол улсад албан ёсоор бүртгэгдлээ.

₮3.5 тэрбумаар 1000 тонн барьцалдуулагч авч, хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх С.Даваасүрэнг маргааш шүүнэ www.eguur.mn

"Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн өнгөрсөн долоо хоногт химийн хортой бодис их хэмжээгээр агуулсан барьцалдуулагч хилээр нэвтрүүлэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдаж, буруугаа хүлээсэн гэх. Түүнд хязгаарлалт тогтоох саналыг Прокуророос шүүхэд гаргасан байна. Уг саналыг маргааш Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэнэ.

С.Даваасүрэнгийн намтрыг харвал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байсан. 2015 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар томилогдоход нь Хотын даргаар Э.Бат-Үүл ажиллаж байв. Харин Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны даргаар томилогдох үед нь уг хорооны даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажиллаж байлаа.

Харин “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнгөрсөн наймдугаар сард томилогдсон. Ийн эл албанд томилогдсоноор хойш хоёр сарын дараа |2026.10.23| эхнэрийнхээ танил БНХАУ-ын иргэнтэй тохиролцсон ТТТ-2026-941 дугаартай гэрээ байгуулж, Хайнань мужийн компаниас 1000 тонн барьцалдуулагчийг нэг тонныг 6500 юаниар авахаар тохирсон. Оруулж ирэх гэж байсан барьцалдуулагч нь полиакриламид, бентонит агуулсан, хорт хавдар болон угаар үүсгэдэг химийн бодис агуулсан гэх хэрэгт холбогдлоо.

С.Даваасүрэнд холбогдох хэргийг АТГ-аас тодруулахад "Хувьдаа болон бусдад 1 тэрбум гаруй төгрөгийн давуу байдал олох зорилгоор барьцалдуулагч бодисыг Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэх гэж байсныг өнгөрсөн долоо хоногт АТГ-ын мөрдөгч нар саатуулан зогсоосон. Эрүүгийн хуулийн 22.1-3 буюу Эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна" гэлээ.

Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс тодруулахад "С.Даваасүрэнд хязгаарлалт тогтоох саналыг прокурорын байгууллагаас ирүүлсэн. Баасан гарагт шүүх хурлаар хэлэлцэнэ" хэмээсэн юм.

Үргэлжлүүлэн “Тавантолгой түлш” ХХК-аас асуудлыг тодруулахад "Нийслэлийн хэмжээнд 427 мянган тонн түлш хэрэглэх бөгөөд үүнээс 120 мянган тонн нь Эрдэнэс Тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээр хийсэн шахмал түлш, 307 мянга нь хагас коксон түлш байхаар төлөвлөсөн. Эрдэнэшишийн цардуул суурьтай шахмал түлшийг аравдугаар сарын сүүл хүртэл үйлдвэрлэсэн. 80 мянга орчмыг үйлдвэрлэсэн. Уг түлшид ямар нэгэн хууль бус найрлага байхгүй. Стандартад нийцсэн. БНХАУ-ын компанитай гэрээ байгуулж, барьцалдуулагч оруулж ирэх гэж байсан талаарх мэдээлэл бидэнд байхгүй. Илрүүлсэн АТГ-аас асуусан нь зөв" гэлээ.

Харин Хотын дарга Б.Пүрэвдагваас тодруулахад "Полиакриламид, бентонит агуулсан барьцалдуулагч бодис хилээр нэвтрүүлэх гэж байсан гэх мэдээлэл ирсэн. Маш эмзэг асуудал. “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг шууд ажлаас нь чөлөөлнө. Цаашид бодит нөхцөл байдлыг тодруулахаар хууль хүчний байгууллагатай хамтран ажиллана. Одоо борлуулагдаж байгаа түлшинд ямар нэгэн хортой бодис байхгүй. Өдөр бүр стандарт хэмжилт хийж байгаа. Санаа зоволтгүй хэрэглэх боломжтой" хэмээв.

Барьцалдуулагчид агуулагдсан гэх полиакриламид, бентонит хүний биед ямар нөлөө үзүүлэх вэ?

Полиакриламид бол акриламид гэдэг нэгдлийг полимержүүлж гаргадаг, усанд уусдаг нийлэг бодис юм. Үүнийг ус цэвэршүүлэх, бохир ус цэвэрлэх, ашигт малтмал баяжуулах, цаас үйлдвэрлэхэд өргөн хэрэглэдэг. Мөн өрөмдлөгийн угаалгын шингэн, гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад ордог.

Полиакриламид өөрөө хоргүй гэж тооцогддог. Эрсдэл нь бүтээгдэхүүнд үлдсэн, урвалд ороогүй акриламидаас буюу мономероос үүсдэг. Акриламид мэдрэлийн системд хортой. Түүнтэй их хэмжээгээр, удаан хугацаанд харьцсан ажилчдын гар, хөл мэдээ алдаж, сульддаг. Олон улсын хорт хавдар судлалын агентлаг 1994 онд акриламидыг "хүний биед хорт хавдар үүсгэх магадлалтай" гэсэн 2А бүлэгт оруулсан. Харин полиакриламидыг өөрийг нь ангилаагүй.

Ундны усанд илэрдэг акриламид голдуу ус цэвэршүүлэхэд хэрэглэсэн полиакриламидаас гаралтай. Тиймээс Дэлхийн эрүүл мэндийн байгууллага усан дахь акриламидын хэмжээ литрт 0.5 микрограммаас хэтрэхгүй байхыг зөвлөдөг. Гэхдээ хүний биед орох акриламидын дийлэнх нь уснаас бус, өндөр температурт шарсан, жигнэсэн хоолноос ирдэг.

2019 онд "Heliyon" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар полиакриламидыг агаарт халааж задлахад аммиак, метан, азотын исэл, нүүрстөрөгчийн давхар исэл ялгарчээ. Харин цэвэр акриламид 175–300 хэмийн халуунд задарч, аммиак, устөрөгч, угаарын хий үүсгэдэг.

Бентонит нь галт уулын үнс өгөршиж үүссэн, монтмориллонит эрдэс голлосон байгалийн шавар юм. Усанд хавдаж, наалдамхай болдог учраас үүнийг өрөмдлөгийн шингэн, цутгуурын хэв, муурны элс, шахмал түлш хийхэд хэрэглэдэг. Үүнээс гадна дарс тунгалагжуулах, мал тэжээлд нэмэх, гоо сайхны маск үйлдвэрлэх зэрэгт ашигладаг. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа бентонитыг хүнсний орцоор хэрэглэхэд аюулгүй гэж хүлээн зөвшөөрсөн байна.

Бентонит өөрөө хорт хавдар үүсгэгч бодисын ангилалд ороогүй. Гэвч зарим ордын бентонитод талст цахиурын давхар исэл буюу кварц холилдсон байдаг. Олон улсын хорт хавдар судлалын агентлаг кварцын тоосыг хүний биед хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан гэсэн 1-р бүлэгт оруулсан. Үүнийг удаан хугацаанд амьсгалсан хүнд силикоз өвчин тусдаг. Тиймээс энэ эрсдэл голдуу бентонит олборлож, боловсруулдаг газарт ажилладаг хүмүүст хамаатай.

Бентонитыг ууж хэрэглэхэд өөр эрсдэл бий. АНУ-ын Хүнс, эмийн захиргаа 2016 онд бентонит шавраар хийсэн хоёр бүтээгдэхүүнд хар тугалга илэрсэн тул хэрэглэгчдэд анхааруулга гаргажээ. Тэдгээрийг усанд хольж уух, арьсанд түрхэх зориулалтаар зардаг байжээ. Үүнээс гадна их хэмжээгээр уувал өтгөн хатах, цусан дахь калийн хэмжээ буурах, эмийн шимэгдэлт муудах эрсдэлтэй. Бентонит шатдаггүй учраас түлшний үнсэнд үлддэг. 2022 онд "Scientific Reports" сэтгүүлд гарсан судалгаагаар шахмал түлшинд бентонитын эзлэх хувь нэмэгдэх тусам илчлэг нь буурчээ.

О. Онон
МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.



Нийтэлсэн огноо2026-11-26