Washington Times: Шашны эрх чөлөөгөө хамгаалахын тулд Монгол Улс өөрийн Богд Ламын шашны үйл хэргийг дээдэлж, дэлгэрүүлэх хэрэгтэй www.itoim.mn
APEC-ийн өндөр хэмжээний уулзалт өндөрлөсний дараа буюу арваннэгдүгээр сарын 19н-ы өдөр The Washington Times сонинд нийтлэгдсэн “Communist China Not to Choose Next Dalai Lama” хэмээх нийтлэлд буддизмын ирээдүйд онцгой ач холбогдолтой нэгэн асуудлыг хөнджээ.
Тус нийтлэлд Монголын төр засаг Аравдугаар Богд Жавзандамба хутагтын аюулгүй байдал, шашны боловсрол, үйл хэргийн бие даасан байдлыг хангах, аливаа гадны улс төрийн нөлөөлөл, дарамтаас ангид байлгах чиглэлээр бодитой, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах ёстой. Учир нь Аравдугаар Богдыг ийн хамгаалах нь Монгол Улсын бүрэн эрхт байдал, үндэсний өв соёл, оюун санааны дархлаатай салшгүй холбоотой бөгөөд улс төрийн цаг зуурын ашиг сонирхлоос ангид, төрийн хүлээх үндэсний хэмжээний үүрэг хариуцлага байх учиртай. Геополитикийн нөхцөл байдлаас үл шалтгаалан Монголын төр засаг өнөөдрөөс бодитой арга хэмжээ авах шаардлагатай хэмээн онцлон дурдсан байна.
Монголын буддын шашны түүхэнд Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулж ирсэн уламжлал онцгой байр суурь эзэлдэг. Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазараас эхтэй энэхүү шашны залгамжлал нь Монголын оюун санаа, соёл, түүх хийгээд бидний өнөөдрийн ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнолыг бий болгоход онцгой хувь нэмэр оруулсан байдаг.
Монголчууд Үндсэн хуульдаа төр болон шашин тусдаа байхаар зааж, шашны эрх чөлөөг тунхаглан бататгасан ард түмэн. Үүх түүхээ бодсон ч, алс ирээдүйгээ харсан ч тусгаар улсын хувиар эртнээс уламжлагдан ирсэн язгуур бурханы шашнаа хүндэтгэн дээдэлж, нөгөөтээгүүр асар их төлөөсөөр өвлөгдсөн тусгаар тогтнолоо авч үлдэх магад цорын ганц зүйл нь энэ итгэл үнэмшил юм.
Түүхэнд ч гардаг, тэртээ 1911 онд Богд хааныгаа тойрон зангидагдаж, нэг итгэл үнэмшил дор нэгдэж, хүн хүч багатай ч асар оюунлаг баатрууд байсан учраас ухаалгаар өнөөгийн Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд зарлаж чадсан гэж..
Энэ утгаараа бид үе дамжин уламжлагдсан ирсэн өв соёл, тусгаар тогтнолоо хамгаалж, тэрхүү үнэ цэн дээрээ нягтарч эвлэлдэх учиртай.
Нийтэлсэн огноо2026-11-25





