МАДА: I-X сард борлуулсан шинэ автомашины 85 хувь SUV ангиллынх байсан www.bloombergtv.mn
Оны эхний 10 сард автомашины дистрибьютер компаниуд нийт 2241 шинэ автомашин борлуулсан байна. Үүний 85 хувийг SUV загварын автомашин бүрдүүлжээ.
Хэдий тийм боловч тансаг зэрэглэлийн SUV ангиллын автомашины борлуулалт өнгөрсөн жилээс бага зэрэг буурсан байгааг Монголын автомашин дистрибьютерүүдийн ассоциаци буюу МАДА ТББ-ын статистик мэдээллээс харж болохоор байгаа юм.
Харин гаалийн мэдээллээс харвал оны эхний есөн сард Монгол Улсад 916.4 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 55 мянга 500 суудлын автомашин импортоор орж ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 орчим хувиар өссөн дүн хэдий ч суудлын автомашины маш бага хувь нь шинэ автомашин байгаа ажээ.
Тансаг загварын SUV ангиллын автомашины борлуулалт энэ онд буурсан шалтгаан нь валютын ханшны хэлбэлзлээс үүдэн үнэд өөрчлөлт орсонтой холбоотой гэж “Мөнххада” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ч.Батзориг мэдээллээ.
Нийтэлсэн огноо2019-11-08