З.Мэндсайхан: Инфляц өсөх эрсдэлтэй ч Ерөнхийлөгч ЗГ-т чиглэл өгсөн тул хуульд өөрчлөлт оруулж таарах нь www.eguur.mn
Оюу толгойн ногдол ашгаас иргэдэд хоёр их наяд төгрөгийг бэлнээр олгохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсэж байгааг УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан хэллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч өчигдөр Засгийн газарт чиглэл өгсөн. Оюу толгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай өргөдөл 100 мянган хүний дэмжлэг авсан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед иргэдийн орлогыг хамгаалах шаардлагатай байна. Нөгөө талаас Монголбанкны бодлогын хүү нэмэгдсэнтэй холбоотойгоор зах зээлд мөнгөний дутагдал үүсэж байна.
Гадаад эдийн засгийн нөхцөл байдал ч амаргүй байна. Ийм үед Оюу толгойгоос анх удаа олгож буй ногдол ашгийг иргэдэд хүртээх, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр эрх зүйн зохицуулалт хийхийг Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл болгосон.
Гэхдээ гурван их наяд төгрөгийг эдийн засагт шууд нийлүүлэх нь инфляцын дарамт үүсгэж, хүндрэл дагуулах эрсдэлтэй. Тиймээс уул уурхайн баялгаас бий болж буй өгөөжийг иргэдэд хүртээхдээ эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзах шаардлагатай.
Хуримтлалын сангийн тухайд Засгийн газраас нэг удаагийн ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар танилцуулсан хуулийн төслөө эргүүлэн татсан. Харин 2027 оны төсөв батлагдвал Хуримтлалын сангаас нэг их наяд төгрөг зарцуулах төсвийн орон зай байгаа. Үлдсэн хоёр их наяд төгрөгийг иргэдэд олгохын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай.
Одоогийн Баялгийн сангийн тухай хуулиар уг орлого Хуримтлалын санд төвлөрөх ёстой” гэв.
Нийтэлсэн огноо2026-11-03





