SXCOAL: Монгол улс V сард коксжих нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-д тэргүүлэв www.bloombergtv.mn
Монгол Улс тавдугаар сард коксжих нүүрсний нийлүүлэлтээр БНХАУ-д тэргүүлснийг “SXCoal” мэдээллээ. БНХАУ-ын импортоор авсан нүүрсний 48.6 хувь нь хүрэн нүүрс, 22.2 хувь нь коксжих нүүрс байна.
Тайлант сард БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өмнөх оны мөн үеэс 33.8 хувиар өсөж, 4.5 сая тонн болжээ. Үүний 1.8 сая тонныг нь Монголоос авсан байна. Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлж буй коксжих нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 125.3 хувиар, өмнөх сараас 37.7 хувиар өсжээ.
Дөрөвдүгээр сард цар тахлын нөхцөл байдал сайжирч, хилээр нэвтрэх автомашинуудын тоо өссөн нь үүнд нөлөөлсөн байна. Мөн БНХАУ-ын тал тавдугаар сарын нэгнээс бүх төрлийн нүүрсний импортын тарифыг цуцалсан нь давуу тал болж байгаа аж. Харин ОХУ 1.7 сая тонн коксжих нүүрс экспортолсноор хоёрдугаарт бичигдэж байна.
2022 оны эхний таван сард БНХАУ 95.9 сая тонн нүүрс импортоор авчээ. Нүүрсний импорт нь өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буурсан байна.
Украины дайнтай холбоотойгоор Европын Холбоо, Япон болон БНСУ ОХУ-аас нүүрс авахаа зогсоож, Индонез улсаас авах болсон аж. БНХАУ-ын нүүрсний гол нийлүүлэгч Индонез улс хэвээр байгаа юм. Харин Монгол Улс гуравдугаарт бичигдэж байна.
Нийтэлсэн огноо2022-06-22