Уул уурхайн орлогод найдсан 2027 оны төсөв: Хүлээлт ба бодит эрсдэлүүд www.itoim.mn
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан 2027 оны улсын төсвийн төсөл эдийн засагчид болон аудитын байгууллагын дунд хэлэлцүүлэг өрнүүлж байна. Судлаачид төсвийг хэт өөдрөг, татварын бус орлогод хэт найдсан гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээс уул уурхайн салбарын өнөөгийн түүхэн өсөлтөд тулгуурлан уг төсвийн төслийг боловсруулсан гэдгээ онцолж буй.
Манай улс 2027 онд уул уурхайн салбараас 10.8 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр тооцсон нь ДНБ-ийн 9.5 орчим хувьтай тэнцэнэ. Төсвийн төсөөлөлд уул уурхайн салбарын өсөлтийг 4.1 орчим хувьтай байхаар төлөвлөсөн. Ингэхдээ нүүрсний экспортыг 110 сая тоннд, зэсийн экспортыг 2.1 сая тоннд хүргэж, зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар тооцжээ. Мөн 2027 оны төсөвт татварын бус орлогоор 8.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр байгаа. Ингэхдээ компаниудын ногдол ашгаас 6.7 их наяд төгрөг төвлөрүүлэх бөгөөд 3 их наяд төгрөгийг Оюу толгойгоос авахаар төлөвлөсөн. Энэ дагуу 2 их наядыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдэд зарцуулахаар төлөвлөсөн ч Засгийн газар холбогдох хуулийн төслөө өнгөрсөн долоо хоногт татсан юм.
Статистик үзүүлэлтээс харахад, энэхүү тооцоо нь тийм ч хоосон тоо биш. Тодруулбал, манай улс есдүгээр сарын байдлаар 86.1 сая тонн нүүрс экспортолж, 6.1 тэрбум ам.долларын орлого олоод байна. Энэ нь бүтэн жилийн төлөвлөгөөгөө бараг биелүүлсэн үзүүлэлт бөгөөд энэ хурдаараа үргэлжилбэл оны төгсгөлд 95-100 сая тоннд хүрэх магадлалтай байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ 10-р сарын 12-ны байдлаар 14,822 ам.долларт хүрч түүхэн дээд түвшинд хүрсэн. Засгийн газар 2027 оны төсөвт зэсийн үнийг тонн тутамд 12,700 ам.доллар байхаар тооцсон бол Дэлхийн банк 2026 оны дөрөвдүгээр сарын төсөөлөлдөө зэсийн үнэ 2026 онд өсөөд, 2027 онд өмнөх оноос 8 хувиар буурна гэж үзжээ. Тэгвэл эерэг талаас нь харах бус эрсдэлийг нь давхар харвал дараах эрсдэлүүд байгааг судлаач Д.Тунгалаг Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан "Монгол Улсын 2027 оны төсвийн төлөвлөлт" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Тэрээр,
Нэгд: Өнөөгийн дотоод, гадаад орчны нөхцөл байдлыг уялдуулан дүгнэвэл, гадаад орчны сөрөг нөлөө манай эдийн засагт хүчтэй, шууд тусах эрсдэлтэй байна. Тухайлбал, ОХУ-д үүссэн дайны нөхцөл байдлын улмаас нефть, газрын тосны үйлдвэрлэл нь 30-40 хувиар буурсан. Энэхүү гадаад хүчин зүйл нь манай улсын инфляцад нөлөөлж, улмаар дотоодод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн ашиг орлогод сөргөөр нөлөөлж байна. Монгол Улсын нийт экспортын бүтцийн 90 орчим хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг бөгөөд үүний 90 хувь нь зөвхөн БНХАУ руу гардаг. Өөрөөр хэлбэл, манай улсын төсөв Хятадын эдийн засгийн өсөлтөөс шууд хамааралтай байна.
Хоёрт: Олон улсын зах зээлд зэсийн үнэ өсөх хандлагатай байгаа ч төсвийн гол тулгуур болох нүүрсний үнэ төдийлөн өсөхгүй гэсэн төсөөлөлтэй байна. Иймд уул уурхайн салбараас олох нийт орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байх магадлалтай.
Гуравт: 2027 оны төсөвт татварын бус орлогыг хэт өөдрөгөөр оруулж ирсэн нь эрсдэлтэй алхам. 2025 оны улсын төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын дүгнэлт болон төсвийн эрсдлийн үнэлгээнээс үзэхэд уул уурхайн салбараас орж ирэх ААНОАТ-ын орлого 31 хувиар буурсан байна. Тодруулбал, ТӨААН-үүдээс төсөвт төвлөрсөн орлого 5.5 их наяд төгрөг болж, 10 хувиар буурсан. ААНОАТ-ын орлого 31 хувиар, АМНАТ-ын орлого 9 хувиар, ТӨААН-ийн төсөвт хуваарилсан ногдол ашиг 1.1 их наяд төгрөг болж, 69 хувиар буурсан. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ч татварын бус орлогын өсөлт нь төсвийн уул уурхайн хамаарлыг улам нэмэгдүүлж байгааг анхааруулсан.
Дөрөвт: Өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн ногдол ашгийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Анх уг 2 их наяд төгрөгийг улсын төсвийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байсан ч ард иргэдийн санал асуулгад үндэслэн Баялгийн сан (Хуримтлалын сан)-д төвлөрүүлэхээр өөрчилсөн. Ингэснээр төсвийн орлого шууд 2 их наяд төгрөгөөр дутахаар болоод байна гэв.
Уул уурхайн орлого эдийн засгийг тэтгэх боломжтой ч өнөөгийн төсөв үүнийг хэт өөдрөгөөр тооцсныг судлаач онцолж байна. Ногдол ашиг буурч, Оюу толгойн 2 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэх төслүүдийн санхүүжилт татагдсан. Мөн нүүрсний үнэ өсөхгүй төсөөлөлтэй үед орлого тасрах эрсдэл байна. Иймээс:
Нүүрс болон зэсийн үнийг зөвхөн ганц өөдрөг тоогоор биш, суурь, бууралттай, өсөлттэй гэсэн гурван хувилбараар тооцож, дундажлан төсөвт суулгах хэрэгтэй.
Татвар болон ногдол ашгийн төлөвлөгөөг цаасан дээрх тоо биш, бодит орж ирэх мөнгөн урсгалд тулгуурлан батла.
Төсвийн орлого тасарсан тохиолдолд шууд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан бэлдэх шаардлагатай.
110 сая тонн нүүрс, 2.1 сая тонн зэс экспортлох далайцтай зорилтод хүрэхийн тулд зөвхөн дэлхийн зах зээлийн үнийг харахаас гадна манай боомтуудын нэвтрүүлэх бодит хүчин чадал, дэд бүтцийн чадамжийг давхар харгалзах шаардлагатайг анхаарууллаа.
Рэгзэдмаа ЭРДЭНЭЧИМЭГ
Р.Эрдэнэчимэг нь 2022 онд Их засаг их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд 2026 оноос iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2026-10-28





