Трампын хүү Монголд Оросын бизнесмэнтэй хамт ан хийжээ www.news.mn
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор энэ зун Монголын баруун хэсэгт байрлах алслагдсан анчдын баазад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай бизнесмэн Умар Кремлёвтэй хоёр өдөр хамт байсан талаар “Financial Times” сонин мэдээлжээ.
Тус сонины мэдээлснээр, Трамп Жуниор Монголд зэрлэг ан амьтан агнах аялал хийх үеэрээ АНУ-ын Нууц албаны хамгаалалттай хамт явсан байна. Харин Олон улсын боксын холбооны (IBA) ерөнхийлөгчөөр ажилладаг Кремлёв Казахстаны боксын хэвлэлийн бага хурлаас хувийн онгоцоор Улаанбаатар хотод иржээ. Дараа нь Трамп Жуниорын байрлаж байсан ангийн бааз руу шууд очжээ. Энэ мэдээллийг нислэгийн бүртгэл болон тухайн аялалд оролцсон орон нутгийн хөтөч нарын мэдүүлэгт үндэслэн нийтэлсэн аж.
Аялалд оролцсон нэгэн хүний хэлснээр, Трамп Жуниор болон Кремлёв нар хамтдаа гэрэл зураг авахуулахгүй байхыг хичээж байжээ.
Трамп Жуниорын Монгол дахь ангийн аяллын зардлын тодорхой хэсгийг буяны дуудлага худалдаагаар санхүүжүүлсэн. Уг дуудлага худалдааны ялагч нар ерөнхийлөгчийн хүүтэй хамт цагийг өнгөрүүлэх боломжийн төлөө 140 мянган ам.доллар хүртэл төлсөн байна.
Умар Кремлёв
Мөн энэ оны тавдугаар сард Карибын тэнгисийн хувийн арал дээр болсон Трамп Жуниорын хуримын зардлын тодорхой хэсгийг Кремлёв төлсөн гэх мэдээлэл гарч байв. “ProPublica” хэвлэл уг мэдээллийг өнгөрсөн сард нийтэлсний дараа ерөнхийлөгч Дональд Трамп хүү нь Кремлёвт гаргасан зардлыг нь буцаан төлсөн гэж мэдэгджээ.
Кремлёв нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй ойр харилцаатай бөгөөд Украины хоригт хамрагдсан байна. Тэрбээр Кремлийн удирдагчийн хамгаалалтын албаны дарга Алексей Рубежныйгаар дамжуулан ерөнхийлөгч Путинтэй харилцаа тогтоосон гэх мэдээлэл бий.
АНУ-ын тагнуулын сөрөх ажиллагааны чиглэлээр ажиллаж байсан албан тушаалтнууд зэрэг шинжээчид Америкийн ерөнхийлөгчийн гэр бүл Кремльтэй холбоотой хүмүүстэй хувийн харилцаа тогтоох нь үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүйг “Financial Times”-т онцолсон байна.
Харин Трамп Жуниорын хэвлэлийн төлөөлөгч түүний Кремлёвтэй харилцах харилцаа нь бизнесийн бус, ан агнуур, загасчлал болон байгальд цаг өнгөрүүлэх нийтлэг сонирхолд тулгуурласан хувийн нөхөрлөл гэдгийг мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES
Нийтэлсэн огноо2026-10-28





