Ажилчдын сарын голч цалин III улирлын байдлаар ₮2 сая орчим байна www.bloombergtv.mn
Эрэгтэй, эмэгтэй ажилчдын сарын дундаж цалин 580 мянган төгрөгийн зөрүүтэй байна
Аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын сарын голч цалин энэ оны III улирлын байдлаар хоёр сая 24 мянган төгрөг байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 30 хувиар нэмэгдсэн бол өмнөх улирлаас үл ялиг буурсныг Үндэсний статистикийн хороо тайлагналаа.
Ажилчдын нэрлэсэн цалингийн дундаж индекс 2020 оноос хойш хоёр дахин нэмэгдсэн ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 38.8 хувиар өссөн байна.
Салбараар нь харвал уул уурхай олборлолтынх хамгийн өндөр буюу дунджаар 5.2 сая төгрөг байгаа бол зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарт ажиллагчид дунджаар 1.6 сая төгрөгийн цалин авч байгаа нь хамгийн бага дүн боллоо.
Эрэгтэй, эмэгтэй ажилчдын сарын дундаж цалин 580 мянган төгрөгийн зөрүүтэй байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.6 нэгж хувиар буурсан үзүүлэлт болж байна.
Тайлант хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн аж ахуйн нэгжийн тоо өмнөх оны мөн үеэс 3.2 хувиар нэмэгдэж, үүнийг дагаад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ажилчдын тоо 2.5 хувиар өсжээ.
Засгийн газар ирэх онд 226 мянга гаруй Төрийн албан хаагчийн цалинг инфляцын түвшинтэй уялдуулж зургаан хувиар нэмэхээр болсон. Үүнийг дагаад хувийн хэвшлийн цалин хөлсний хэмжээ нэмэгдэх хүлээлттэй байна.
Үүнээс гадна улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн цагт 4715 төгрөг буюу сард 792 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоогоод байгаа юм.
Нийтэлсэн огноо2024-12-19