БНСУ хоёр долоо хоногийн хугацаанд хоёр удирдагчаа огцрууллаа www.bloombergtv.mn
БНСУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулсан анхны тохиолдол нь энэ болж байна.
БНСУ-ын Парламент Баасан гарагт санал хураалт явуулж, Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хан Дог Сүг огцруулахаар шийдвэрлэлээ. Ингэснээр Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа улс төрийн гарцгүй нөхцөлд ороод буй БНСУ-ын Засгийн газарт дахин нэг том цохилт ирж байна.
Гишүүдийн 50-иас дээш хувийн саналаар шийдэгдэх байсан энэ удаагийн санал хураалтад Үндэсний Ассемблейн 192 гишүүн оролцож, 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулахыг дэмжжээ. Хан Дог Сү Үндэсний Ассемблейн шийдвэрийг хүндэтгэн үзэж, албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдэлдээ дурдсан байна.
Тус улсын Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшүүлсэн гурван шүүгчийг Хан Дог Сү томилохоос татгалзсан тул сөрөг хүчний Ардчилсан намаас түүнийг огцруулах санал хураалт явуулах тухай хуулийн төсөл Пүрэв гарагт өргөн барьсан юм. Шинэ шүүгчдийг томилсноор Юн Сог Ёлийг албан тушаалаас нь огцруулах эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болох магадлал эрс нэмэгдэх байлаа.
БНСУ-ын түүхэнд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг огцруулсан анхны тохиолдол нь энэ болж байна. 12 дугаар сарын 3-нд улсдаа онц байдлын дэглэм зарласан үйлдлийнх нь төлөө Ерөнхийлөгч Юн Сог Ёлийг огцруулах шийдвэрийг Парламент гаргасны дараа Хан Дог Сү Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалыг аваад байсан юм. Эдийн засгийн сорилт сунжирч, Умард Солонгосын пуужингийн сүрдүүлэг нэмэгдсэн үетэй давхцан улс төрийн энэхүү хямрал тохиосон нь санхүүгийн зах зээлүүдийг цочроож, БНСУ-ын түншүүдтэйгээ хийх дипломат арга хэмжээнүүд тасалдахад хүргээд буй.
Огцруулах шийдвэр гарсны дараа Өмнөд Солонгосын воны ам.доллартой харьцах ханш 0.6 хувиар суларсан байна. Үүнээс өмнө воны ханш хамгийн ихдээ 1.1 хувиар суларч, 2009 оноос хойших доод цэгтээ хүрээд байсан юм.
Нийтэлсэн огноо2024-12-29