"Чингис хаан" банкинд байршуулсан 100 тэрбумыг авах боломжтой" www.news.mn
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2024.12.26/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр "Хамтарсан Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа танилцуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын баялгийн сан дахь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөрөнгө оруулалтын сан гэсэн гурван санг албан ёсоор нээсэн. Хуримтлалын сан дээр 497 тэрбум төгрөг төвлөрч иргэн бүр дээр 135 мянган төгрөгийн хуримтлал үүссэн. Энэ санд уул уурхайн төслүүдээс орлого төвлөрч, төрийн эзэмшиж буй 34 хувийн ногдол ашгийн бүх мөнгө төвлөрнө. И-Монголиа системд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийн хагас хуримтлалын нэрийн данс өнөөдөр албан ёсоор нээгдэж байна. Монгол Улсад өнөөдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж буй 1.2 сая иргэн байна. Иргэд өөрийнхөө төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийн 17 хувийн хоёр хувийг өөрийн дансанд хуримтлал болж төвлөрнө гэсэн үг. Энэ бол бодитой мөнгө. Нийт 224 тэрбум төгрөг цугларсан байна. Энэ мөнгө хөрөнгийн зах зээл рүү орж, үр өгөөжөө өгөх ёстой. Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд хийж буй ажил. Монгол Улсын тэтгэврийн тогтолцоо хуваарилалтын тогтолцоо. Бидний төлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт гарч байгаа хүмүүс маань авдаг.
Өнөөдрөөс эхэлж, Монгол Улс хагас хуримтлалын тогтолцоо буюу иргэд өөрсдийн төлж буй шимтгэлийн хоёр хувийг авдаг болж байна. Тэтгэврийн шинэчлэл эхэлж байна. Бид удахгүй Хувийн тэтгэврийн санг УИХ-д өргөн барих гэж байна. Үүнтэй уялдуулж, Монгол Улс цаашдаа олон давхар тэтгэврийн тогтолцоо руу шилжиж байна.
Хүн тэтгэвэрт гарахдаа зөвхөн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг бус өөрийнхөө төлсөн шимтгэлээсээ, хувийн сайн дурын санд хуримтлуулсан мөнгө гээд 2-3 эх үүсвэрээс тэтгэвэр авна. Өнгөрсөн хугацаанд улстөрчдийн гаргасан шийдвэрээс болж нийгмийн даатгалын шимтгэл төлж буй хүмүүсийн нуруун дээр маш том ачаалал ирсэн. Нийт 4.7 их наяд төгрөгийн ачаалал ирж байна. Зөвхөн 2025 оны улсын төсвөөс гэхэд татвар төлөгчдийн мөнгөөр нийгмийн даатгалын алдагдлыг нөхөж болохгүй. Гэхдээ нөхөхөөс өөр шийдэл байхгүй. Тийм учраас 2025 онд 1.5 их наяд төгрөгийг нийгмийн даатгалын алдагдлын санд төлөх гэж байна. Энэ алдагдал жил бүр нэг их наяд төгрөгөөр нэмэгдэж байна. Ийм маягаар явж болохгүй. Суурь тэтгэврийн тогтолцоо, одоогийн нийгмийн даатгалын шимтгэлээс төлсөн тогтолцоо, хувийн тэтгэврийн тогтолцоо руу шилжинэ. Өмнө гарсан алдааг засч залруулна. Жишээлбэл, 10 жил буюу ажилласан жилийг нөхөн тооцсон хууль гарч, 34 тэрбум төгрөг төвлөрүүлсэн мөртлөө буцаад 1.4 их наядын зардал гаргаж байна. Ийм том ачааг иргэдэд үүрүүлж болохгүй. Тэтгэврийн даатгалын санг банкуудад байршуулж, 160 тэрбум төгрөг алдсан. Энэ мөнгийг авах ажлыг эхлүүлж байна. АТГ-аас хэргийг шалгаж байна. "Чингис хаан" банкинд байршуулсан 100 тэрбум төгрөгийг авах бүрэн боломжтой. "Капитал" банкны 60 тэрбум төгрөгийн асуудал шүүхийн явцад үнэ цэнтэй барьцаа хөрөнгүүд солигдсон байна. Тийм учраас энийг шалгуулна. Үнэ цэнтэй хөрөнгүүдийг авбал 60 тэрбум төгрөгөө төлүүлж чадна. Нийгмийн даатгалын сангийн дэргэд есөн хүнтэй Мэргэжлийн хороод ажиллана" гэв.
Нийтэлсэн огноо2024-12-26