Бөөрөлжүүт цахилгаан станц эрчим хүчний нэгдсэн системд амжилттай холбогдлоо www.eagle.mn
Монгол Улсын эрчим хүчний суурь чадлын шинэ эх үүсвэр болох 600 МВт-ын хүчин чадалтай "Бөөрөлжүүт цахилгаан станц"-ын эхний ээлжийн 150 МВт блокийн барилга угсралтын явцад нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт 2024 оны 11-р сарын 17-ны өдөр галын осол гарсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Галын ослоос үүдсэн эвдрэлийг шуурхай засварлаж, дуусах шатандаа ороод байна.
"Бөөрөлжүүт цахилгаан станц" түр схемээр нүүрс татан зуухны галлагааг хийж агаарын хөргүүрийн конденсаторын системийн угаалгыг дуусгасны дараагаар зуух, турбин, генератор болон бусад туслах тоног төхөөрөмжүүдэд шаардлагатай бүх хэмжилт, тохиргоо туршилтуудыг технологийн горим, хөтөлбөрийн дагуу гүйцэтгэн 2024 оны 12-р сарын 26-ны өдрийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай холбогдож, цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ. Төлөвлөгдсөн технологийн горим, хөтөлбөрийн дагуу үлдсэн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийг ойрын хугацаанд гүйцэтгэж, цахилгаан станцыг бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Диспетчерийн Үндэсний төвийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний таац, горимд уялдуулан 2024 оны 12-р сарын 31 болон шинэ оны эхний өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг арилгахад "Бөөрөлжүүт цахилгаан станц" хувь нэмрээ оруулан ажиллах болно.
Монгол түмэндээ болон бидний бүтээн байгуулалтыг дэмжин хамтран ажиллаж буй байгууллага, хамт олон, хувь хүмүүст "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 113 жилийн ойн баяр" -ын мэндийг хүргэж, 2025 ондоо амжилт бүтээл, эрч хүч, гэрэл гэгээгээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦ
2024.12.29
Нийтэлсэн огноо2024-12-29