Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 6.2 их наяд төгрөгөөр нэмэгдэв www.montsame.mn
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 11 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 27.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6.2 (28.7 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 26.1 их наяд төгрөгт хүрч, 5.4 (26 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 24.7 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.4 их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Татварын орлого энэ оны эхний 11 сард 24.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 5.1 (26.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татварын орлого 2.6 (49.3 хувь) их наяд, нэмэгдсэн өртгийн албан татвар 931.6 (22 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 702.2 (20.5 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 303.1 (22.9 хувь) тэрбум, онцгой албан татвар 280.1 (38.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Энэ оны эхний 11 сард татварын орлогын 32.3 хувийг орлогын, 21.2 хувийг нэмэгдсэн өртгийн албан татвар, 17 хувийг нийгмийн даатгалын, 6.7 хувийг гадаад үйл ажиллагааны, 4.2 хувийг онцгой албан татварын, 18.6 хувийг бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого бүрдүүлж байна. Орлогын албан татварын 72.2 хувийг ААНОАТ, 27.8 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлсэн аж.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний 11 сард 24.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 6 (31.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ. Зарлага нэмэгдэхэд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеийнхээс 3.6 (88.3 хувь) их наяд, хөрөнгийн зардал 1.5 (40.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна. Энэ оны эхний 11 сарын байдлаар нийт зардалд урсгал шилжүүлэг 39, бараа үйлчилгээний зардал 31.9, хөрөнгийн зардал 21.3, хүүгийн зардал 4.5, татаас 3.3 хувийг эзэлж байна.
Хөрөнгийн зардал оны эхний 11 сард 5.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (40.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 620.8 (24.1 хувь) тэрбум, тоног төхөөрөмжийн зардал 187.9 (55.2 хувь) тэрбум, бусад хөрөнгийн зардал 591.8 (94 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Нийтэлсэн огноо2024-12-26