2024 оны III улирлын байдлаар арилжааны банкнуудын олгосон нийт зээлийн 3.4 хувь нь ногоон зээл байжээ www.bloombergtv.mn
Олон улсад ногоон санхүүжилт нэмэгдэж байгааг дагаад арилжааны банкнууд ч ногоон зээл олгох боломж нэмэгдээд байна
2024 оны III улирлын байдлаар арилжааны банкнуудын нийт зээлийн 3.4 хувийг ногоон зээл бүрдүүлж байгааг Монголбанк мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг нэгж хувиар өссөн үзүүлэлт болж байна.
Нийт олгосон ногоон зээлийг төрлөөр нь харвал эрчим хүчний хэмнэлттэй шинэ барилга барих, тогтвортой хөдөө аж ахуйн салбарт чиглэсэн зээл олголт хамгийн өндөр байна.
Харин бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, тогтвортой ус, хаягдлын хэрэглээ рүү чиглэсэн зээлийн чанаргүй зээлд эзлэх хувь өндөр байгаа аж.
“Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийн хүрээнд 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн багцын 10 хувийг ногоон зээл болгохоор зорьж байна.
Олон улсад ногоон санхүүжилт нэмэгдэж байгааг дагаад арилжааны банкнууд ч ногоон зээл олгох боломж нэмэгдсэнийг Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар онцолж байлаа. Хэдий тийм боловч хөрөнгө оруулалтыг ашиглах бэлэн төслүүд байхгүй байгаагаас гадна ногоон санхүүжилт татах хуулийн орчныг илүү нарийвчилж цаашид санхүүжилт татах таатай орчин бүрдэхээр байгааг тэрбээр тодотгож байсан юм.
Нийтэлсэн огноо2025-01-03