Гадаад валютын нөөц $5.5 тэрбум давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ www.bloombergtv.mn
Гадаад валютын улсын нөөц 2024 оны гуравдугаар сарын эцэст 5,249.82 сая ам.доллар хүрч дээд түвшиндээ хүрсэн ч дөрөвдүгээр сарын эцсээр 4,985.58 сая ам.доллар болж 5.03 хувиар буурчээ
Монгол Улсын гадаад валютын албан нөөц 5.5 тэрбум ам.доллар давж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Жилийн дүнгээр 11.81 хувиар өсөхөд оны сүүлийн сарын 10 гаруй хувийн өсөлт гол нөлөө үзүүлсэн байна. Зөвхөн 12 дугаар сард гадаад валютын албан нөөц 544.86 сая ам.доллароор нэмэгджээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарсан төдийгүй Төв банкнаас вадютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алтны арилжаа хийсэнтэй холбоотой гэж тодотгов.
Экспортын орлого нэмэгдэж, валютын орох урсгал сайжирсан ч гарах урсгал өссөн хэвээр буйг Монголбанк онцолж байна.
Гадаад валютын улсын нөөц 2024 оны гуравдугаар сарын эцэст 5,249.82 сая ам.доллар болж, дээд түвшинд хүрсэн ч дөрөвдүгээр сарын эцсээр 4,985.58 сая ам.доллар болж, 5.03 хувиар буураад байв. Харин зургаадугаар сар гэхэд 4.8 тэрбум ам.доллар болж, буурсан бөгөөд 11 дүгээр сард 4.9 тэрбум ам.доллар хүрч, эргэн өссөн юм.
Гадаад валютын улсын нөөц нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, баталгаа болдог.
2024 оны эцсийн байдлаар төлбөрийн тэнцэл 150 орчим сая ам.долларын ашигтай гарах бөгөөд энэ нь цаашид төгрөгийн ханш тогтвортой байхад эерэг нөлөө үзүүлж буйг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Bloomberg TV Mongolia”-д өгсөн ярилцлагадаа дурдаж байлаа.
Нийтэлсэн огноо2025-01-06