ЗГ: Мега төслүүд хэрэгжсэнээр 2030 он гэхэд Ирээдүйн өв сангийн хөрөнгө ₮18 их наяд хүрнэ www.bloombergtv.mn
Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкны валютын дансанд байршуулахаар хуульчилсан ч сангийн хөрөнгийг удирдах тодорхой зохицуулалт байхгүй
Үндэсний баялгийн санд хамаарах ирээдүйн өв сангийн гадаадаас хуримтлуулах өгөөж нь Засгийн газрын гадаадад гаргасан бондын хүүгээс өндөр байх шаардлагатайг Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир онцолж байна. Өөрөөр хэлбэл Засгийн газар гадаадад дунджаар найман хувийн хүүтэй бонд гаргасан хэр нь түүнээс бага хүүтэй хуримтлал үүсгэх ёсгүйг тодотгожээ.
Ирээдүйн өв сангийн мөнгөн хөрөнгийг Монголбанкны валютын дансанд байршуулахаар хуульчилсан ч сангийн хөрөнгийг удирдах тодорхой зохицуулалт байхгүй. Иймд сангийн хөрөнгийг удирдах бүтэц, загварыг тодорхой болгохоос гадна олон улсын хэмжээний туршлагатай, мэргэжлийн байх шаардлагатайг онцолсон байна.
Ирээдүйн өв сангийн хөрөнгө дөрвөн их наяд төгрөг хүрснийг Засгийн газар өнгөрсөн 12 дугаар сард мэдээлсэн юм. Мөн хуримтлалын санд 495 тэрбум төгрөг төвлөрсөн нь иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж хэлбэрээр хуваарилагдаад байна. Мега төслүүд хэрэгжиж эхэлснээр тус сангийн хуримтлал 2030 он гэхэд 18 их наяд төгрөг хүрэх тооцоо байгааг Засгийн газар мэдээлж байв.
Стратегийн ач холбогдолтой ордын болон цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр, Төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөр нөхцөлөөр орлуулсан зэргээс бий болсон татварын бус орлогыг хуримтлалын санд төвлөрүүлэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа юм.
Нийтэлсэн огноо2025-01-03