Монголбанк 2024 онд 16.5 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оныхоос 7.9 хувиар буурав www.bloombergtv.mn
12 дугаар сард Монголбанкны алт худалдан авах дундаж ханш 289,904.75 төгрөг байжээ
Монголбанк 2024 оны 11 дүгээр сард 1.6 тонн үнэт металл худалдан авч байсан бол 12 дугаар сард 651.8 кг-ыг худалдан авсан нь оны эхнээс өссөн дүнгээр 16.5 тонн болж байна. Өмнөх оны мөн үед 17.8 тонн алт худалдан авч байсантай харьцуулбал 7.9 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Мөн сүүлийн таван жилийн доод дүн болж байна. Тухайлбал: Монголбанк 2020 онд 23.5 тонн, 2021 онд 20.8 тонн, 2022 онд 22.9 тонн үнэт металл худалдан авч байжээ.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 777.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,210.7 кг үнэт металл худалдан авсан байна.
“Монгол Улс сүүлийн жилүүдэд жилд дунджаар 20 орчим тонн алт худалдан авч байгаа. 20 тонн алт гэдэг зах зээлийн ханшаараа тэрбум ам.доллар гэсэн үг. Монгол Улсын банкны системд байгаа гадаад валютын хэмжээ тэрбум ам.доллар. Тэгэхээр бид ганцхан жилийнхээ алтны экспортын дүнгээр дотоодод үүсэж болох бүх зохиомол эрэлтийг дарах боломжтой” гэж “Таван богд капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог бөгөөд 12 дугаар сард алт худалдан авсан дундаж үнэ 289 мянга 904 төгрөг байсан бол нэгдүгээр сарын зургааны байдлаар алт худалдан авах ханш 290 мянга 932 төгрөг байна.
Монголбанк нь Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх, зохицуулах зорилгоор байгууллага, иргэдээс алтыг худалдан авч, гадаадад цэвэршүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд 2024 онд худалдан авсан 16.5 тонн үнэт металлаа цэвэршүүлснээр валютын нөөцийг 860 орчим сая ам.доллароор нэмэгдүүлжээ. Гадаад валютын улсын нөөцийг бүрдүүлэх голлох эх үүсвэрийн нэг нь Монгол Улсын алтны олборлолт буюу олборлосон алтаа Монголбанканд худалдах байдал юм. Гадаад валютын албан нөөц 2024 оны эцэст 5.5 тэрбум ам.доллар хүрснээр 5.5 сарын импортын хэрэгцээг хангах хэмжээний төлбөр болж байгаа аж.
2024 он гарсаар дэлхийн зах зээлд 30 гаруй хувиар өсөөд байсан алтны ханш сүүлийн 10 гаруй жилд байгаагүй сайн үзүүлэлттэйгээр өнгөрсөн оныг өндөрлөлөө. Одоогийн байдлаар унц алт 2640 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.
Үүнээс гадна “Goldman Sachs” 2025 оны эцэс гэхэд алтны үнэ унц нь 3000 ам.доллар хүрнэ гэсэн өмнөх таамгаа буурууллаа. Тухайлбал: энэ оны эцэст алтны үнэ унц нь 2910 ам.доллар, 2026 оны дунд үед унц нь 3000 ам.доллар хүрнэ гэж “Goldman Sachs”-ийн шинжээчид тооцоолжээ.
Түүнчлэн эрэлт талдаа харвал 2026 оны дунд үе хүртэл сар тутмын алт худалдан авалт 38 тонн хүрэхээр байгааг онцолж байна. Харин урт хугацаандаа тус металлын үнийн өсөлтөд Төв банкнуудын худалдан авалт гол нөлөө үзүүлнэ гэж дүгнэсэн байна.
Нийтэлсэн огноо2025-01-07