Хөрөнгийн зах: Завгүй жил айсуй www.bloombergtv.mn
Энэ онд Ази тивээс анхаарвал зохистой шинэ хувьцааны арилжаанууд, мөн Монголын зах зээлд гарах магадлалтай шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна
2025 онд хэлцэл хийгчид, арилжаалагчдын хараачилж буй гол зүйл гэвэл Азийн хувьцааны анхдагч зах зээлийн сэргэлт байна. Тэр дундаа эдийн засгийн дорвитой өсөлт, хөрөнгө оруулалтын сангуудын өндөр эрэлтийн нөлөөгөөр Энэтхэгийн зах зээлд IPO-оор босгох нийт хөрөнгө өмнөх оны дээд түвшин 20.7 тэрбум ам.долларыг давах төлөвтэй. Түүнчлэн Эх газрын Хятадад бүртгэлтэй олон компани хувьцаагаа санал болгосноор Хонконгийн IPO зах зээлд удаан хүлээлгэсэн өсөлт морилж магадгүй байна.
ХОНКОНГИЙН ЗАХАД
Contemporary Amperex Technology: Цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг, CATL нэрээр танигдсан тус компани Хонконгийн биржид давхар бүртгэлтэй болж, таван тэрбум ам.доллар татахаар бэлтгэж буй. Энэ нь тус хотод 2021 оноос гарсан хамгийн том дүнтэй IPO болох юм.
Jiangsu Hengrui Pharmaceuticals: Эм үйлдвэрлэлийн тус компани Хонконгийн биржид гарч, багадаа хоёр тэрбум гаруй ам.доллар босгоно гэж яригдаж байна.
Foshan Haitian Flavouring & Food: БНХАУ-ын амтлагч, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хамгийн том компани “Foshan Haitian Flavouring & Food”-ийн хоёр дахь IPO хамгийн багадаа 1.5 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж магадгүй.
Seres Group: “Huawei Technologies” компанийн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн түнш “Seres Group” Хонконгт нэг тэрбум гаруй ам.доллар босгохоор төлөвлөж буй мэдээлэл байна.
БНЭУ-ЫН ЗАХАД
HDB Financial Services: БНЭУ-ын хувийн хэвшлийн хамгийн том зээл олгогч “HDFC Bank”-ийн охин компани 1.5 тэрбум ам.долларын IPO хийхээр төлөвлөжээ.
LG Electronics India: БНСУ-ын “LG” компани оны эхний хагаст Энэтхэг дэх охин компанийнхаа хувьцааг арилжаалж, үнэлгээг нь 15 тэрбум ам.доллар хүргэхээр зорьж буй мэдээлэл гараад байна.
Quest Global Services: “Carlyle Group” инженерчлэл-үйлчилгээний тус компанийн хувьцааг нээлттэй санал болгож, нэг тэрбум ам.доллар татахаар төлөвлөснөө мэдээлэв.
АЗИЙН БУСАД ЗАХ ЗЭЭЛД
Shein Group: Хувцасны цахим жижиглэн худалдаа эрхлэгч тус компани Лондоны биржид энэ онд гарч магадгүй байна. IPO-оор тус компанийн үнэлгээ 62 тэрбум ам.доллар хүрэх боломжтой.
JX Advanced Metals: Японы газрын тосны “Eneos” компани чипийн материал үйлдвэрлэдэг охин компанийнхаа 70 орчим хувийг арилжаалж, 4.5 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсөн мэдээлэл байна.
Chery Automobile: БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч тус компани наанадаж энэ онд Хонконгийн биржид IPO хийж, үнэлгээгээ 14 тэрбум ам.доллар хүргэхийг зорьж буй.
МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРЧ МАГАДГҮЙ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Монголын Хөрөнгийн бирж
Энэ оны эхний хагаст нэг компанийн IPO, нэг бонд болон хөрөнгөөр баталгаажсан нэг үнэт цаас гарах хүлээлттэй байгааг Монголын Хөрөнгийн биржийн эх сурвалж мэдээлээд байна.
Өмнөговийн бонд
2025 онд аймгуудаас анхлан Өмнөговь аймаг орон нутгийн бонд гаргах төлөвтэйг “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК мэдээлж байв. Төсвийн орлого нь хангалттай хүрэлцдэг, орлогоороо зарлагаа санхүүжүүлдэг аймгууд үнэт цаас гаргагч болох хэрэгтэйг тус ҮЦК-ийн Дэд захирал Г.Энхбат хэлж байлаа.
Хөгжлийн банк
Энэ онд олон улсын зах зээлээс санхүүжилт татахад харьцангуй таатай байгааг харгалзан 500 сая ам.долларын бонд босгохоор судалж буйгаа мэдээллээ.
“Short” хийдэг болно
Монголын Хөрөнгийн бирж ирэх онд урьдач нөхцөл байдлын судалгаа хийж, түүхий эдийн фьючерс арилжаа зохион байгуулахаар төлөвлөж байгааг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ ярилцлагадаа онцолж байв. Мөн хадгаламжийн сертификатын арилжаа, богино позиц буюу “short” арилжааг энэ онд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаагаа тодотгосон юм.
Нийтэлсэн огноо2025-01-07