БНХАУ-ын нүүрсний олборлолт 2024 онд 1.3 хувиар өсөж, бүх цаг үеийн дээд түвшинд хүрчээ www.bloombergtv.mn
MySteel: БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2030 он гэхэд 900 сая тонноос доошилж буурах төлөвтэй
БНХАУ сэргээгдэх эрчим хүчний нүсэр бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж буй ч одоогоор гол түлш нь нүүрс хэвээр байна. Өнгөрсөн онд тус улсын нүүрсний олборлолт бүх цаг үеийн дээд түвшнээ дахин шинэчилжээ.
Дахин нэг дээд амжилт
2024 онд БНХАУ 4.76 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оныхоос 1.3 хувиар өсөж, шинэ дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болсныг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээлсэн байна. Зөвхөн 12 дугаар сард 438.85 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өссөн дүн аж.
Харин өнгөрсөн оны нүүрсний экспорт нь мөн адил түүхэн дээд хэмжээндээ хүрч, 542.7 сая тонн болсон ч олборлолтын хэмжээтэй нь харьцуулбал бараг ес дахин бага үзүүлэлт болж байна. Коксжих нүүрсний импортынх нь дийлэнх хувийг нийлүүлж байгаа Монгол Улс өнгөрсөн онд нийт 83.8 сая тонн нүүрс экспортолсон ч өмнөх оноосоо дунджаар 19.6 хувиар доогуур үнээр борлуулсныг “SXCoal” мэдээлжээ. Хэдийгээр БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ нүүрсний эрэлтийг дэмжиж буй ч гангийн үйлдвэрлэл нь хумигдах чиг хандлагатай байгаа нь Монголын нүүрсний орлогод ийнхүү нөлөөллөө.
Бөхөж буй салбар
БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл 2024 онд буурсан ч тав дахь жилдээ дараалан нэг тэрбум тонноос дээш гарцтай хадгалагджээ. Үйлдвэрлэл нь 1.7 хувиар буурч, нэг тэрбум тонны босгыг үл ялиг давсан үзүүлэлттэй байна.
Эрэлтийн дийлэнхийг бүрдүүлдэг БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын урт удаан хямралын нөлөө гангийн үйлдвэрүүдийг ашиггүй ажиллахад хүргэж, гарцаа танахаас өөр аргагүй болгож байгаа юм. Өргөн зургаар харвал бүтээн байгуулалт, төрийн хөрөнгө оруулалтаар хөтлөгдсөн тэлэлтийн он жилүүд дуусгавар болж, илүү “ногоон”, дэвшилтэт технологид суурилсан өсөлт рүү Засгийн газрын анхаарал шилжиж буй нь тус улсын эдийн засагт гангийн ач холбогдлыг бууруулжээ.
"Хамгийн хүнд цаг үеэс гарах болоогүй. БНХАУ-ын гангийн бараг бүх үйлдвэр хохиролтой ажиллаж байна" гэж “Standard Chartered” банкны түүхий эдийн шинжээч онцолж байв.
Зах зээлийн судалгааны “MySteel” фирмийн тооцоолсноор БНХАУ-ын гангийн жилийн гарц 2030 он гэхэд 900 сая тонноос доош орж буурах төлөвтэй байгаа аж. Харин “Bloomberg Intelligence” тус улсын гангийн хэрэглээ 2030 онд 800 сая тонн руу орж доошилно гэж үзжээ.
Бэлэн мөнгөний урсгал, ашгийн маржинаа сайжруулахаар хичээж буй БНХАУ-ын гангийн үйлдвэрүүдэд энэ мэтийн сөрөг төсөөллүүд дарамт болох нь тодорхой. Тус салбар өнгөрсөн оны дийлэнх хугацаанд алдагдалтай хүлээж, нийт өр нь 5.1 их наяд юань буюу 696 тэрбум ам.долларт хүрснийг тус улсын Статистикийн товчоо мэдээлжээ.
Нийтэлсэн огноо2025-01-21