ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр Матью Ле Блан томилогджээ www.eagle.mn
Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр Матью Ле Блан томилогдсон талаар тус байгууллагаас мэдээллээ. Матью Ле Блан нь ОУСК-ийн Монгол дахь хөрөнгө оруулалт болон зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг зохион байгуулан ажиллах бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ ажлын байр бий болгох, тогтвортой хөгжлийг дэмжих зэрэг зорилтуудын дагуу ажиллах аж.
Тэрээр Төв Европ, Кавказын бүс нутаг, Төв Ази ба Монгол Улсад хувийн хэвшлийн хөгжил, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдэд 25 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд ОУСК дахь ажлын замналаа эхлэхээсээ өмнө Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажиллан, нарны эрчим хүчний халаалт, эрчим хүчний үр ашгийн төсөл санаачилгуудыг удирдаж байжээ.
Олон улсын санхүүгийн корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгч Матью Ле Блан “ОУСК нь Монгол Улсын хөгжилд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэмжлэг болох дэвшилтэт шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн байгууллага. Миний хувьд Монголын иргэдийн амьдралд эерэг үр нөлөөтэй төслүүд дээр төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах завшаан тохиож байгаад баяртай байна” гэжээ.
Нийтэлсэн огноо2025-01-21