2020 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө 29.6 хувийн биелэлттэй байна www.bloombergtv.mn
Нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг эрэмбэллээ
Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ойролцоогоор 242 их наяд төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гараад байна.
Шинэ хотын төлөвлөгөөг хэлэлцэж буй энэ үед өмнөх төлөвлөгөөнүүд дээр дүгнэлт хийж байгаа юм. Тухайлбал: 2020 он хүртэл нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар 29.6 хувийн биелэлттэй байсныг НЗДТГ мэдээллээ.
Биелэлт тааруу байгаа хамгийн гол шалтгааныг суурьшил тэлэлтийн бүсийн хязгаарыг тогтоож чадаагүй, хөрөнгө санхүүгийн хүртээмжгүй байдал, албан тушаалаа урвуулан газар олгосон зэрэг асуудлаас үүдэлтэй гэж үзсэн байна. Тиймээс 2040 он хүртэлх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Төр, хувийн хэвшлийн оролцоог чухалчилна гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тодотголоо.
Урьдчилан тооцоолсноор 2040 он гэхэд Улаанбаатар хот ойролцоогоор 2.1 сая хүн амтай болох бөгөөд үүнийг дагаад эрчим хүчний хэрэглээ 1000-2000 мВт-аас нэмэгдэхээр байгаа аж. Хэдий тийм боловч 2040 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөөг гаргахдаа хувийн хэвшил, барилгын салбар болон бусад холбогдох байгууллагуудтай хангалттай хэмжээнд хамтарч ажиллагаагүй байгааг УИХ-ын гишүүн, Хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц онцолж байв.
Сүүлийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 23 томоохон төслийг эрэмбэлж, эхний ээлжид Улаанбаатар метро, трамвай, Туулын хурдны замын төслүүдийг хэрэгжүүлэхээ Засгийн газар мэдээллээ. Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжиж байгаа бөгөөд дээрх эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллах юм байна.
Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлэх аж. Одоогоор Улаанбаатар метро төсөл болон Туулын хурдны замын ТЭЗҮ дуусаад байгаа бол трамвайн төслийн ТЭЗҮ эхлээд байгааг тодотголоо.
Нийтэлсэн огноо2025-01-23