Автобуснуудыг 5 тэрбумаар хийн түлшинд шилжүүлж магадгүй www.news.mn
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын зарим айл өрх болон нийтийн тээврийн автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэхийг албаныхан мэдээлсэн. Гэхдээ одоогоор тус ажил эхлээгүй байна.
Оны өмнө Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сард батлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Уг хууль батлагдсанаар Улаанбаатар хотын яндангүй бүсийг тогтоох эрх зүйн орчин бүрдэх юм. Ингэснээр ирэх онд нийт 40 мянган айлыг хийн түлшинд шилжүүлнэ.
Мөн их, дунд багтаамжийн 1278 автобус бүртгэлтэй байгаагаас өдөрт 1130 автобус иргэдэд үйлчилдэг. Ирэх онд 1016 автобусыг газын хэрэглээнд шилжүүлнэ гэж танилцуулж байв.
Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөлд Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй. Өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж тусгажээ.
Нийтийн тээврийн бодлогын газраас өгсөн мэдээллээр, нийтийн тээврийн автобусны нийт зардлын 40 орчим хувийг дизель түлш эзэлдэг. Хэрэв хийн түлшний хэрэглээг нийтийн тээврийн автобуснуудад хэрэглэвэл олдоц элбэг, үнэ хямд тусах боломжтой. Ингэснээр нэг талдаа эдийн засаг, нөгөө талдаа байгаль орчинд ээлтэй болно гэсэн юм.
Урьдчилсан тооцооллоор тав орчим тэрбум төгрөгөөр автобуснуудыг хийн түлшинд шилжүүлэхээр тооцоолжээ.
Нийтэлсэн огноо2025-02-04