МХБ: I сард ₮55.5 тэрбумын үнэт цаас арилжаалагдсан www.bloombergtv.mn
СЗХ: Хадгаламжийн сертификат арилжаалах, хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой боллоо
Монголын Хөрөнгийн биржээр 2025 оны нэгдүгээр сард 55.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийгдсэн нь өмнөх сараас 4.7 дахин, өмнөх оны оны мөн үеэс 27.5 хувиар буурсан дүн боллоо. Нэгдүгээр сарын арилжааны үнийн дүнгийн дийлэнх буюу 66 орчим хувийг компанийн бондын анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. Биржийн энэ оны эхний бүтээгдэхүүн “БИД 2.0” бонд 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ.
Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх “Топ-20” индексийн дундаж 51,761 нэгж болж, өмнөх сараас гурав орчим хувиар, өмнөх оны мөн үеэс 25.5 орчим хувиар өссөн байна.
Үүнээс гадна мөнгөний зах зээлийн бүтээгдэхүүн болох хадгаламжийн сертификатыг үнэт цаасны зах зээлд арилжаалахаас гадна хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг эрхлэх боломжтой болсныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. Хадгаламжийн сертификатыг арилжихаар гаргаснаар банкны салбараас эх үүсвэр татагдах эрсдэл багасах, иргэд, хадгаламж эзэмшигчид цаг хугацаа, орон зайнаас үл хамааран банкаа сонгох, хадгаламжаа хоёрдогч зах дээр арилжаалах боломжтой болох зэрэг ач холбогдолтойг онцолж байна.
Хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагааг зах зээлд нэвтрүүлснээр гарааны компани болон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид зээлийн эргэн төлөлтийн өндөр хүүгийн дарамтгүйгээр шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээс бага зардлаар, богино хугацаанд татан төвлөрүүлэх боломжтой гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо тодотгов.
Нийтэлсэн огноо2025-02-05