AFR: "Rio Tinto" $295 саяар Оюутолгойн татварын маргааныг шийдвэрлэх саналыг Монгол Улсын Засгийн газарт тавьжээ www.bloombergtv.mn
295 сая ам.долларын саналын 285 сая ам.долларыг нь татварын маргаан шийдвэрлэхэд зориулна
“Rio Tinto” компани Монгол Улсын Засгийн газарт 295 сая ам.доллар буюу 472 сая австрали доллар төлж "Оюутолгой" төсөлтэй холбоотой удаан хугацаанд үргэлжилсэн татварын маргааныг эцэслэх санал тавьсныг “The Australian Financial Review” мэдээлсэн байна. Тодруулбал: 2024 оны 12 дугаар сард “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал Кейти Жэксон Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд захидал илгээж, 2013 оноос 2020 он хүртэл үргэлжилсэн татварын асуудлыг шийдвэрлэх дээрх санал хүргүүлжээ.
Энэхүү саналынхаа хүрээнд “Rio Tinto” Монголын талаас тавьсан 814 тэрбум төгрөгийн татварын акттай холбоотой арбитрын нэхэмжлэлээ буцаах аж. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 238 сая ам.долларын татварын актыг хүлээн зөвшөөрөх юм. Санал болгосон дүнгийн 285 сая ам.доллар нь одоо үргэлжилж буй татварын маргаантай холбогдох бол үлдсэн 10 сая ам.доллар нь хүү, торгууль зэрэг бусад шийдэгдээгүй асуудлуудад зориулагдах ажээ.
Сүүлд “Rio Tinto” болон “Glencore” компани 260 тэрбум ам.долларын нэгдэн нийлэх хэлцэл хийж, дэлхийн хамгийн том уул уурхайн компанийг бий болгох боломжийн талаар хэлэлцэж буй мэдээлэл гарсантай холбоотойгоор дээрх санал нь цаг хугацааны хувьд чухал ач холбогдолтойг “The Australian Financial Review” онцолсон байна.
"Татварын маргааныг харилцан ойлголцлын замаар шийдвэрлэж, цаашид энэ төрлийн аливаа маргаанаас зайлсхийхийн тулд тодорхой, цогц тохиролцоонд хүрэх чиглэлд Монгол Улсын Засгийн газартай адил зорилготой байна" гэж “Rio Tinto”-ийн Зэсийн группийн захирал захидалдаа дурджээ.
Нийтэлсэн огноо2025-01-23