Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын Эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны танхимын ерөнхийлөгчөөр сонгогджээ
Шүүгч Д.Эрдэнэбалсүрэн 2024 оноос Олон улсын Эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны шүүгчээр ажиллаж эхэлсэн. Тэрээр Монгол Улсын шүүгчдээс анх удаа олон улсад ажиллаж эхэлсэн шүүгч юм. Тэрээр 2025-2026 онд танхимынхаа Ерөнхийлөгчөөр ажиллахаар болжээ.
Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн 14 дэх заалт, Дотоод журмын 4 дэх заалтуудад зааснаар танхимын Ерөнхийлөгчийг шүүгчдийн олонхын саналаар сонгодог байна. Танхимын шүүгчид санал нэгтэйгээр Монгол Улсаас сонгогдсон шүүгч Д.Эрдэнэбалсүрэнг сонгосон байна. Шүүгч Д.Эрдэнбалсүрэн нь Олон улсын Эрүүгийн шүүхийн шүүгчдийн сонгуульд өрсөлдөн хамгийн олон санал авч эхний тойрогт сонгогдсон бөгөөд, 2024 оноос тус танхимын шүүгчээр ажиллаж байгаа юм.
Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчдийн Давж заалдах шатны танхим нь таван шүүгчтэй бөгөөд тус шүүхийн хүрээнд гаргасан шийдвэр, өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэдэг, хамгийн шилдэг, туршлагатай шүүгч нараас бүрдсэн дээд шатны танхим юм.
Нийтэлсэн огноо2025-04-01