“SouthGobi Resources”-ийн үйл ажиллагааны ашиг 2024 онд $153.9 сая болж, 2 дахин өсжээ www.bloombergtv.mn
“SouthGobi Resources” компани Монголын нүүрсний томоохон олборлогчдын нэг бөгөөд Өмнөговь аймагт коксжих болон эрчим хүчний нүүрс олборлох, боловсруулах болон хайгуулын ажил хийж, БНХАУ-ын хэрэглэгчдэд нийлүүлдэг
Хонконг болон Торонтогийн Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “SouthGobi Resources” компани 2024 онд 92.5 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, ашиг нь түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Тус компанийн үйл ажиллагаанаасаа олсон ашиг 153.9 сая ам.доллар болж, өмнөх оноосоо бараг хоёр дахин өсжээ.
Тайлант хугацаанд тус компани үйл ажиллагаагаа тэлж, нүүрс боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлсэн зэрэг нь санхүүгийн үзүүлэлтүүдэд нь түлхэц болсныг тодотгож байна.
Овоот толгой уурхай, Сүмбэрийн орд, Заг сүүжийн орд зэрэг томоохон ашиглалтын нүүрсний уурхай болон төслүүдийг эзэмшдэг тус компанийн борлуулалт 94 гаруй хувиар өсөж, тайлант хугацаанд долоон сая тонн бүтээгдэхүүн борлуулжээ.
2024 оны эцсийн байдлаар “SouthGobi Resources” компанийн төлөх татвар, торгуулийн хэмжээ 45.5 сая ам.доллар байсан бөгөөд одоогоор тус компани 1.7 сая орчим ам.доллар төлөөд байгаагаа 2024 оны санхүү, үйл ажиллагааны тайландаа дурджээ.
Энэ он гарсаар “SouthGobi Resources”-ийн хувьцааны ханш Хонконгийн Хөрөнгийн биржид хоёр гаруй хувиар өсөж, 3.02 орчим хонконг доллар хүрээд байна.
Нийтэлсэн огноо2025-04-01