Нүүрсний экспорт хэвийн болсон ч биржийн хуульд дахин өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэхгүй www.eguur.mn
Өчигдөр /2025.04.17/ УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд/ хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Засгийн газар 2025.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн. Одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл түр журам боловсруулж, түүнийгээ даган мөрдөж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүд:
Нүүрсээ урт хугацаагаар бартераар өгөх
Буцаад оффтейк гэрээгээ сэргээх
Биржгүй болох хуулийг оруулж ирлээ
Засгийн газар гаргасан хуулийнхаа яг эсрэг хуулийг дахин боловсрууллаа
Яаралтайгаар гэх нэрээр яаралтай бус хуулийн төслүүдийг Засгийн газар оруулж ирж байна гэж шүүмжилсэн.
Харин уг хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Трамп тариф, нүүрсний үнийн уналттай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамаарах яаралтай хуулийн төсөл гэж тайлбарлаж буй.
Мөн зарим дэмжиж буй гишүүд “Бид шаардлагатай үед хуулиа өөрчлөх ёстой. Нөхцөл байдал өөрчлөгдвөл дахиад өөрчилж болно” гэх байр суурийг илэрхийлж байна.
Одоогийн Биржийн тухай хууль нь 2022 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр боловсруулж, УИХ баталснаар 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлжээ.
Ингээд нэг жил 10 сарын дараа дээрх хуульд дахин өөрчлөлт оруулах эсэхийг УИХ хэлэлцэж эхлээд байна.
Уг хуулийн төсөл нь Монгол Улсын хууль тогтоомжид хамаарах бөгөөд ердийн хууль учир дахин гар хүрэх хугацааг тодорхой заагаагүй байдаг аж.
Гэхдээ өргөн бариад буй биржийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээ хийх гэдэг агуулгыг оруулж ирсэн байна. Тухайлбал,
10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт
10.3.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь нийгэм, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл, бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой, урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын Их Хурал шийдвэрлэж болно гэж заажээ.
Тэгэхээр тус хууль хэрэгжиж батлагдвал нүүрсний үнэ өссөн тохиолдолд өөрчлөлт оруулах боломжгүй буюу эдийн засгийн нөхцөл байдал, нүүрсний экспорт хэвийн болсон ч хуульд дахин өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэхгүй нөхцөл үүсэх юм. Учир нь уг заалтаар урт хугацааны гэрээ байгуулсан тохиолдолд гэрээ дууссаны дараа хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд нэгэнт хийгдсэн гэрээг дундаас нь өөрчлөх боломжгүй гэсэн үг.
Д.ЖАРГАЛМАА
Нийтэлсэн огноо2025-04-18