Оросын баг уран нислэгийн үзүүлбэрээ толилуулна гэв www.news.mn
Орос улсын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” хэмээх баг ирэх тавдугаар сард Монголд ирж үзүүлбэр үзүүлэхээр болжээ. Энэ талаар өнөөдөр Батлан хамгаалахын яамнаас мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байгаа аж. Тус түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт давтагдашгүй үзүүлбэрээ Буянт-Ухаа нисэх буудалд үзүүлэх гэнэ.
Сарын дараа болох тус үзүүлбэрийн сураг, товыг сонссон иргэд цахим хуудаст сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ.
“Стрижи” уран нислэг үзүүлбэр нь монгол, орос хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчнийг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг БХЯ-наас мэдээлж. Энэ нь иргэдэд төдийлөн таалагдахгүй байгаа аж. Гэхдээ Монгол Улс олон тулгуурт гадаад бодлоготой учир хоёр хөршдөө хэзээд найрсаг хандсаар гэдгийг ч зарим хэсэг нь цахимд бичжээ
Нийтэлсэн огноо2025-04-24