Бөөрөлжүүтийн цахилгаан станц энэ онд 893.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлнэ www.news.mn
Эрчим хүчний зохицуулах хорооны мэргэжилтэн Д.Энхтүвшингээс зарим зүйлийг тодрууллаа.
– Засгийн газраас дулааны үнийн нэмэгдлийг он дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр 2026 онд дулааны үнэ нэмэгдэх үү ?
– Эрчим хүчний үнийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-аас шинэчлэн тогтоож, цахилгаан эрчим хүчний үнийг зарласан өдрөөс, дулааны эрчим хүчний үнийг 2025 оны тавдугаар сарын 15-аас эхлэн шинээр мөрдөхөөр шийдвэрлэсэн байсан. Цахилгаан эрчим хүчийг хэрэглээнээс хамааруулж шаталсан тарифаар тооцоод явж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Харин дулааны шинэчилсэн тарифын хувьд 2025 оныг дуустал хойшлуулж байна. Монгол Улсын Засгийн газрын гуравдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гарсан 132-р тогтоолд “төрийн зохицуулалттай үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй” байхаар шийдвэр гаргасан. Энэ хүрээнд энэ оныг дуустал дулааны тарифыг шинээр мөрдөхийг хойшлуулсан.
-Нийгэм, эдийн засгийн нөлөөллөө дагаад аливаа үнэ тарифт өөрчлөлт орох байх. Цаашдаа эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орох уу ? Үнийн өөрчлөлтийн яаж хийх нь оновчтой вэ ?
-Өнгөрсөн 2024 оны эцсээр хийгдсэн тарифын шинэчлэлийн үр дүнд цахилгааны дундаж тариф бодит өртөгт нэлээд ойртсон. Цаашид жил бүр дараах тодорхой хүчин зүйлээс хамаарч индексжүүлэх арга хэмжээ авна. Тухайлбал инфляц, валютын ханш, ОХУ-аас импортолж буй цахилгааны үнэ болон шинээр ашиглалтад орох цахилгааны станцын үнэ гэсэн дөрвөн хүчин зүйлийн нөлөөллийг тооцож, зах зээлийн зарчмын дагуу зохих өөрчлөлтүүдийг оруулж явна. Энэхүү тарифын индексжүүлэлтийн талаар Эрчим хүчний тухай хууль болон УИХ-аас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д тодорхой тусгасан байдаг.
-Эрчим хүчний үнэ тарифыг нэмсэн нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц ашиглалтад орсонтой холбоотой гэсэн таамаг гарах боллоо. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үнийг хэрхэн тооцсон бэ ?
-Энэ онд Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас гадна Тосонцэнгэлийн цахилгаан станц, Нийслэлээс хэрэгжүүлсэн Багануурын батарей хуримтлуурын станц шинээр ашиглалтад орж байна. Эдгээр шинэ эх үүсвэрүүдтэй холбоотой цахилгаан эрчим хүчний тарифыг энэ 2025 онд индексжүүлэхээр төлөвлөөд байсан боловч Засгийн газрын дээрх тогтоолын дагуу мөн хойшлуулсан. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хөрөнгө оруулалт, өртөг зардал, нийлүүлэлтийн талаар талууд урьдчилан хэлэлцэж, тус станцаас нийлүүлэх цахилгааны үнийг 7-8.9 цент байхаар 2016 онд тохирч, гэрээ байгуулсан байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас 2025 онд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 893.6 сая кВт.ц цахилгаан эрчим хүч нийлүүлэхээр төлөвлөгдсөн. Ер нь эрчим хүчний шинэ эх үүсвэрийн гэрээний үнийг Эрчим хүчний яам дээр байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэн тохирч байгаа ба Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу тэрхүү гэрээний үнийг Эрчим хүчний зохицуулах хороо баталгаажуулж байгаа.
Нийтэлсэн огноо2025-04-24