Гадны кибер халдлагын 11 хувь нь УИХ, 70 хувь нь Засгийн газар руу чиглэдэг www.zindaa.mn
Онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүдийн дунд кибер аюулгүй байдлын сургалтыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас зохион байгуулжээ. Сургалтын үеэр анхаарал татахуйц зарим баримтуудыг танилцуулсан байна.
Өнгөрсөн 2024 оны байдлаар Монгол Улс руу ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт хийжээ. Эдгээр нь төрийн нууцад хамааралтай мэдээлэл олзлох, хүний хувийн эмзэг мэдээллийг барьцаа болгох сэдлээр олох, хулгайлах зорилго агуулсан халдлага байх магадлал өндөр хэмээн үзэж буй ажээ. Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу чиглэсэн нь болгоомжлол төрүүлж буй юм. Мөн 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд, нэг хувь нь хууль сахиулах байгууллага руу чиглэсэн байдал илэрчээ.
Монгол Улсад онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий 216 байгууллага байдаг ажээ. Эдгээрт банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем, улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч, хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага зэрэг ордог байна.
Д.Оюун
Нийтэлсэн огноо2025-06-02