Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана www.eguur.mn
Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг Даваа гаригаас буюу өнөөдрөөс /2025.06.02/ эхлүүлнэ гэдгийг Зам, тээврийн яамнаас мэдээлсэн. Энэ талаар ЗТЯ-ны Салбарын хяналтын газрын дарга А.Энхболд мэдээлэхдээ "Монгол Улсын болон олон улсын стандарт дүрэм журмаар олон улс, улсын чанартай хатуу хучилттай авто замаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн бүх жингийн дээд хязгаарыг “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2025 стандартад заасны дагуу зургаан тэнхлэгтэй буюу бодит жин нь 44 тоннтой тээврийн хэрэгслүүд зөвхөн нийтийн хэрэгцээний замаар замын хөдөлгөөнд оролцуулахаар тогтоосон.
Харин нийтийн хэрэгцээний замаар зорчих үеийн тээврийн хэрэгслийн бодит жин нь 44 тонноос дээш даацтай тээврийн хэрэгслүүд нийтийн хэрэгцээний бус зам буюу тусгай зориулалтын замаар хөдөлгөөнд оролцоно.
Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон газрын тосны /шатахуун/ бүтээгдэхүүн тээвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл нь энэ бүх жингийн даац хэмжээг хэтрүүлж тээвэрлэлт хийж байна. Жишээ дурдвал, цементийн тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл 140 тонн ачаа тээвэрлэж холбоотой нийтийн хэрэгцээний авто замын эвдрэл нэмэгдэж байна. Иймд олон улс, улсын чанартай авто замаар “Автотээврийн хэрэгслийн ангилал. Техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” МNS4598:2025 стандартын дагуу хийгдэж буй тээвэрлэлтэд хяналт тавьж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг гаргасан зөрчлөө арилгах хүртэлх хугацаанд хөдөлгөөнд оролцохыг хориглох, түр саатуулах арга хэмжээ авна. Үүнтэй уялдуулан говийн бүсийн чиглэлд хийж байгаа уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, хяналт шалгалтыг ирэх долоо хоногийн Даваа гаригаас эхлэнэ" гэсэн юм.
Нийтэлсэн огноо2025-06-02