Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал болсон www.itoim.mn
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-нд мэдээлэл хийлээ. Ингэхдээ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас огцрох нь цаг хугацааны асуудал болсон. Одоо дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ гэдэг нь чухал байна гэв.
Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр: УИХ дахь Үндэсний эвсэл, түүний бүрэлдэхүүнд байгаа улс төрийн намуудын удирдлага, УИХ-ын гишүүд өнөө өглөө цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Гишүүдийн саналыг алдагдуулахгүй байх үүднээс хурлын тэмдэглэлийг товчхон танилцуулъя.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд олон нийтийн зүгээс орлогоо нотол, Ерөнхийлөгчийн зүгээс ажлаа өг зэрэг тавигдаад буй шаардлагуудтай санал нэг байна. АН-ыг Засгаас хөөвөл ажлаа өгнө гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын хуралд мэдэгдсэнийг бид бүгд сайн мэднэ. Гагцхүү ажлаа өгөхдөө төрд үүссэн, үүсэж байсан ноцтой хагарал, задралуудыг нэхэн санаж хагарлын хар мөр үлдээхийг хэрхэвч зөвшөөрөхгүй. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зохион байгуулалтад гишүүд нам үл харгалзан ажил хэрэгч байдлаар гар нийлэн ажиллаж байгаа эвт тогтолцоог битгий эвд гэж хэлэхийг хүсэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн “Итгэл хүлээлгэх” хэмээх албан бичигт дурдагдсан “Үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх шаардлагатай байна” гэсэн нь онцгой анхаарал татаж байгаа учраас Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр энэ талаар асууж тодруулна. Үүний дараа дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрээ гаргах болно. Эцэст нь хэлэхэд УИХ-ын гишүүд маш их айдаст автсан байна. Тиймээс УИХ-ын гишүүддээ итгэл үнэмшилдээ зоригтой бай, хэний ч нөлөөнд автахгүйгээр энэ шийдвэрийг гаргаасай гэж хүсэж байна.
Н.Номтойбаяр тохирлоо, Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо гэдэг нь ор үндэсгүй яриа. Ийм яриа, хэлэлцээр огтхон ч болоогүй.
Энэ улс төрийн нөхцөл байдлын үеэр сүүлийн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй Үндэсний эвсэл, Н.Номтойбаяр тохирлоо, Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо гэдэг нь ор үндэсгүй яриа. Ийм яриа, хэлэлцээр огтхон ч болоогүй. Л.Оюун-Эрдэнэ нэгэнт ажлаа өгнө гэдгээ мэдэгдчихсэн. Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал. МАН-ын Бага хурлаас АН-гүйгээр бусадтай хамтарч Засгийн газраа байгуулж болно гэж шийдвэр IV тогтоолоор баталгаажсаныг харсан. Хэрэв манай намаас санал тавих тохиолдолд юун түрүүнд дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдгийг онцгойлон харна. Тухайн хүний итгэл үнэмшил, татвар, нийгмийн даатгалын шимтгэл, чөлөөт эдийн засгийн тогтолцоог хэр дэмжих, энэ олон давхардсан зөвшөөрлүүдийг яах эсэхийг шинжинэ. Авлигатай тэмцэнэ гэдэг МАН-тай тэмцэнэ гэсэн үг. Авлигач, хулгайчдаа хаацайлаад хууль хяналтын байгууллагаар шалгуулахгүй хамгаалдаг хүнтэй хэзээ ч нэгдэхгүй. Үндэсний эвсэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэж байгаа. Бид консерватив үзэл санаатай. Төр жижигхэн, хувь хүн, хувийн хэвшил том байх зарчмыг баримталдаг. Хэрвээ татвар бууруулахгүй, нийгэм эдийн засагт дорвитойхон хувьсгал хийх хэмжээнд өөрчлөлт хийж чадахааргүй, манлайлалгүй, зориггүй хүн Ерөнхий сайд болсон тохиолдолд Хамтарсан Засгийн газарт хэзээ ч орохгүй. АН-тай нийлж сөрөг хүчний байр суурь дээр гарна. Үүнийг хариуцлагатай хэлнэ.
Хувь хүнийхээ хувьд нууц санал хураалт явуулахыг дэмжихгүй. Ямар ч тохиолдолд ямар санал өгснөө нээлттэй хэлнэ.
BY
Г.Хэрлэн нь МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2024 оны наймдугаар сараас iToim.mn сайтад ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-06-02