Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар төмөр замыг вагонгүйг далимдуулж түрээсээр гадагшаа мөнгө урсгаж байсан шүү www.eguur.mn
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, туссан 14 мега төслийн Нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, улмаар Улсын Их Хурлын 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэж, соёрхон баталсан.
2025.06.09-ны өдөр буюу өнөөдөр Зам, тээврийн яаманд “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ” аж ахуйн нэгж хоорондын гэрээнд гарыг зурах ёслол боллоо.
Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төмөрзам, далайн тээвэр бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Дүгэржав болон холбогдох албаныхан оролцлоо.
БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжуан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны зөвлөх Лю Жинжи, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны нарийн бичгийн дарга Цао Юэ, Хятадын төмөр замын барилгын гүүр инженеринг групп ХХК-ийн дэд ерөнхий менежер Ли Гуочян, Хятадын Төмөр замын барилгын гүүр инженеринг групп Интернэшнл ХХК-ийн ерөнхий менежер Шие Шяочэ нар оролцлоо.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь нийт 32,6 км урт, 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, үүнээс гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх ба төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн худалдан авах ажиллагааны газар дээр холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, түүний үр дүнд төмөр замын барилга, гүүрийн угсралтын чиглэлээр дэлхийд томд тооцогдох БНХАУ-ын 2 компани оролцсоноос “Хятадын төмөр замын барилгын корпораци СИ АР СИ СИ /CRCC/ шалгарч, түүний охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон билээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Одоо Хятадын талаас хэдий хэр хугацаанд бүтээн байгуулалтыг гүйцэтгэх вэ?
Тендерийн үнээрээ бид гэрээгээ байгуулж байгаа ч гэсэн Хятадын талаас тавьж байгаа шаардлагыг ч бид хэлэлцэж хүлээж авсан. Хятадын талаас 17 тэрбумын алдагдал хүлээхдээ тулаад байна гэдэг асуудлаа ч хэлсэн. Ажилчдын зардал, техник тоног төхөөрөмжийн үнэ зэрэг асуудал бий. Худалдааны хоригоос шалтгаалаад юмны үнэ нэмэгдсэн учраас үнэ өсөж байгаа гэдэг бичгийг нэг бус удаа ирүүлсэн. Миний хувьд энэ үнийг эргэж харах нь зүйтэй, юанийн ханшийн асуудлыг онцгой анхаарах ёстой гэж Сангийн сайдад чиглэл өгч, анхаарахыг үүрэг болгосон.
Ингээд үнэ дээр харилцан тохиролцож, Монгол талаас хэд, Хятад талаас хэдэн хувийн ажил гүйцэтгэхээ ярилцсан. Ажил гүйцэтгэх явцдаа 30-аас доошгүй хувийг Монгшолын компаниар гүйцэтгүүлэхээр тохирсон. Аль болох хурдан хугацаанд гүйцэтгүүлэхээр шахаж байгаа. Хятадын талаас 22 сарын хугацаанд гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Ханшийн асуудал үүсэхгүй бол Хятадын талаас аль болох хурдан гүйцэтгэнэ.
-Багахангайн Хөшгийн хөндийн төмөр зам таных гэж яригддаг?
-Багахангайн Хөшгийн хөндийн төмөр зам надтай биш Зам тээврийн яамтай хамааралтай. 3 жилийн өмнө Улаанбаатараар тойруулж явуулаад холболт хийе гэхэд Оросын талаас татгалзсан. Оросын тал энэ төсөл дэндүү үнэтэй байна гэж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд буюу 3 сарын өмнө Багахангайн Хөшигийн хөндийн төмөр замыг салбар зам болгож тавья гэдэг саналаа хэлсээн.
Энэ олон тээвэр зуучийн терминалыг Улаанбаатараас гаргавал түгжрэл буурах юм байна аа гэсэн. Энэ дагуу 102 км 2 өртөөтэй 3 зөрлөг бүхий замыг 230 сая ам.доллар буюу 840 тэрбумаар төсөвт дарамтгүйгээр Монголын төмөр зам өөрийн орлогоор барихыг үүрэг болгосон. 4-5 сарын хугацаанд хийгдэж дуусна. Улаанбаатарт түгжирч байгаа ачаа тээврийн хэмжээ эрс багасна аа. Бидний зүгээс хойд хөрштэй холбох эсэх асуудлыг дахин ярина.
-Та Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэх хэрэгтэй гэж та хэлдэг. Үүний цаана ямар нэг ашиг сонирхол байх вий гэж харддаг?
-Монгол Улс анх удаа өөрийн гэсэн бие даасан төмөр замтай болсон. Анхны өмч нь 21 км төмөр зам байсныг та бүхэн мэдэж байгаа. Дараа нь Ганцмод-Гашуунсухайтын 230 км төмөр зам баригдсанаар Тавантолгой төмөр зам гэдэг компани бий болсон. Нэг дор хоёр зэрэг төмөр замын төрийн өмчит компани ажиллах нь үр ашиггүй гэж үзэж нэгтгэсэн. Нэгтгэнэ гэдэг нь Тавантолгой төмөр замыг татан буулгаагүй. Бүгдийг нь Монголын төмөр зам руу шилжүүлснээс татан буулгаагүй. Тавантолгой төмөр зам одоо төслийн нэгж болсон.
-350 сая тонн нүүрсээр бартер хийсэн гэж яригдаад байгаа дээр та тайлбар хэлээч?
-Бид 16 жилийн хугацаатай "Чайна энержи"-тэй гэрээ байгуулсан. Үүнийг зарим нь сошиалаар янз бүрээр явж байна лээ. Энэ гэрээ бол гурвыг цогцоор гэдэг байдлаар хийсээн. Зам холбох гэрээг Зам тээврийн яам, Монголын төмөр зам хийсэн. Бид 247 сая тонн нүүрс нийлүүлэхдээ тухайн улирал тутамд үнэ ямар байхаас хамааран өөрчлөгдөж байхаар хийсэн. Энэ нь ерөөсөө тонныг нь 70 ам.доллароор хийнэ гэсэн үг биш. Бид урд хөршид нүүрсээ зарах гэж маш олон удаагийн хэлэлцээгээ хийсээр байж энэ гэрээг ажил хэрэг болгосон. Өнөөдөр монголчууд бид өөрсдийнхөө мөнгөөр нүүрсний цахилгаан станц барьж байна.
-Шивээхүрэн боомтын хил холболт хэзээ дуусах вэ, манай талаас оролцож байгаа хүмүүс нь өөрчлөгдсөн үү?
-2-р сарын 14-нд энэ боомтыг холбох гэрээг Харбинд үзэглэсээн. Гашуусухайтын боомтыг ашиглалтад орсны дараа боомтыг холбоно гээд яригдчихсан асуудал. Энэ ердөө урт төмөр зам биш. 300 метр орчим л байгаа.
-Чайна Энержи компанитай нүүрсний үнийг ямар байхаар гэрээгээ зурсан юм бэ?
-Бид "Чайна Энержи" компанитай бүтэн жил гаруй ярьсан. Өмнө нь 3 жил гаруй ярихдаа ямар нэг тохиролцоо хийж чадаагүй байсан. Бид хоёр тал харилцан ашигтай гэрээ хийсэн. Хэн нэгэнд давуу эрх олгоогүй гэдгийг би албан ёсоор хэлмээр байна. 20 жилд авах нүүрсний хэмжээ байгаа ч гэсэн нүүрсний үнэ дээш доошоо хөдөлнө. Монголоос өөр Хятадын олон компани нүүрсийг хөнгөлөлттэй үнээр авч байсны дагуу тодорхой хөнгөлөлт хүссэн болохоос тонн тутмыг нь 16 жилийн гэрээний хугацаанд 70 ам.доллароор зарна гэж яриад байгаа бол цэвэр худал мэдээлэл. Яг үнэнийг хэлэхэд Хятад бол биднийг гуйхааргүй том улс. Нүүрс дэлхий дахинд ямар үнэтэй байгаа вэ гэдэгтэй уялдаад л үнэ дээш доош хөдөлнө. Коксжих нүүрс гэлтгүй эрчим хүчний нүүрс экспортолно
-Таны нэртэй холбоотой 3000 вагоны асуудал яригдаад байгаа?
-Ханги-Мандалын төмөр замын харилцан концессийн гэрээ байгуулсан. Надтай холбоотой компани 230 км замыг 8 сарын дотор барьж гүйцэтгэсэн. 3000 вагон цоо шинээр орж ирсэн нь зөвхөн төмрийн хүдэр ачих зориулалттай, өөр ямар ч зүйл ачих боломжгүй. Монголын төмөр зам дээр өнөөдөр 15 мянган вагон түрээсээр ажиллаж байгаа. Өнөөдөр вагонууд ажиллах боломжгүй түгжрэл үүсчихсэн, хугацаа нь дууссан элэгдэл өндөртэй вагонуудыг гаргана гэдэг асуудал сөхөж тушаал гаргасныг маань эсэргүүцэж байгаа гэж харж байна. Монголын төмөр зам өнөөдөр төмрийн хаягдал цуглуулдаг газар биш. Улаанбаатар төмөр замыг вагонгүйг далимдуулж түрээсээр гадагшаа мөнгө урсгаж байгааг болиулсан. Хэнийг ч эдийн засгаар хохироогоогүй. Түрээс, засварын хугацаа нь дуусах гэж байгаа вагонуудыг гаргахыг үүрэг болгосон учраас хэн нэгэнд халтай шийдвэр гаргаагүй. Цаашид вагонуудыг шинэчлэх ажил хийгдээд явах нь зөв.
-Өнөөдөр Засгийн газрын шинэ тэргүүнийг хэлэлцэнэ. Улс төрийн ийм нөхцөл байдалд цаашид энэ хил холболтын ажил үргэлжлэх үү гэдэг асуудал сөхөгдлөө?
-Яг үнэндээ төр засгийн тогтворгүй байдалд Хятадын Элчин сайд ч санаа зовниж байгаагаа хэллээ. 70 жилийн дараа бид төмөр замын хил холболтоо явуулж байна. Төр засгийн тогтворгүй байдлаас болж бидэнд эдийн засгийн маш тогтворгүй нөхцөл үүсдэг. Би хэрэгжинэ, цаашид энэ ажил явна гэж л хэллээ. Монголын төр залгамж чанартай гэдэг үүднээс цаашид ажлаа явуулна гэж найдаж байгаа.
-Хятадын компани яагаад тендерийн үнээ өсгөчихөв өө?
-Хятадын талаас танай тендер өндөр байна аа гэдэг асуудал хэлсэн. Яг ний нуугүй хэлье. Гэрээ байгуулахаас өмнө төгрөгийн ханшийн уналтаас чинь болж та нарын өгөөд байгаа гэрээг харахад үнэхээр хэцүү байна. Энэ тогтворгүй байдал дээр ханшийн хамгаалалт хийж өгвөл оръё гэдгийг нь би д зөвшөөрсөн. Ингэж байж л компани орж ирж гүйцэтгэхэд асуудалгүй болж байгаа юм.
-Нефтийн компаниуд одоог хэр эсэргүүцлээ илэрхийлж байна. Энд ямар асуудал үүсээд байгаа юм бэ?
-Нефтийн компаниуд Зам тээврийн яамны гадаа зогсож байсаан. Баруун бүс рүү нефтийн хэрэглээ өндөр. Гэтэл өнөөдөр зам ямар байгаа билээ. 44 тоннтой ачаа явах л даацтай ийм замтай. Энэ замууд насжилт нь хэтрэхээр болчихсон. Энэ замдаа тааруулж л яв гэдэг шаардлага тавихад нефтийн компаниуд өөдөөс 70-80 тоннтой явна гэдэг шаардлага тавьсан. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нийт дүнгээрээ 44 тонн л явна гэсэн хууль, журамтай байхад татвар төлөгчдийн мөнгөөр тавьсан замыг эвдэх эрх бидэнд байхгүй. 151 тэрбумын их засварын ажил одоо эхэлж байна. Хэрвээ нефтийн компаниуд даацаараа явахгүй бол замууд эвдэрч, татвар төлөгчдийн мөнгө дэмий хийснэ.
Ингээд гал тэргээр зөөгөөчээ гэдэг санал тавьсан. Улаанбаатар төмөр зам болон Монголын төмөр замаар явах суурь бүтцийн зардлын чинь 50 хувийг бууруулж өгье гэдэг санал тавьсан. Том агуулахтай газрууд зөвшөөрсөн ч 70, 80 тонноор зөөнө гээд байгаа нөхдүүд цаанаа нефтиэ хүлээж авах агуулах савгүй компаниуд вагонд хадгалах байдлаар явж байгааг л бид маш аюултай нөхцөл гэдгийг хэлсэн. Хот орон, хүмүүсийг ийм аюултай нөхцөлд оруулж болохгүй. Надад одоо энд явуулж байгаа хувийн вагон байхгүй.
-Нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхээр Япон улсаас дахин зээл авч байгаа юм байна?
-Бид нисэх онгоцны буудлыг өргөжүүлэхээс аргагүй. Иймээс Японы хэд хэдэн компанитай уулзаж зээлийн асуудлыг ярьсан. Биелүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Харамсалтай нь онгоцны буудлыг өргөтгөх газаргүй байна гэдгийг хэлсэн.
Би өчигдөр МИАТ тэргүүтэй компаниудын удирдлагыг дуудаж уулзахад хоёр том карго компани агуулахаа барьсныг нүүлгэх тухай ярилцсан. Зөвшөөрөлгүй газар олгосон эзнийг олж хариуцлага тооцохыг ч хэлсэн.
Ц.ТАМИР
Шууд дамжуулалтыг: Б.ЭРДЭНЭБАЯР
П.УРНАА
Нийтэлсэн огноо2025-06-09