Онтрэ ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт: Монголын Засгийн газарт 34 хувиа өгье гэж удаа дараа хандсан. Хэн ч хариу өгөөгүй www.itoim.mn
Онтрэ ХХК-ийн гүйцэтгэх захирал Стивен Скотт Монгол Улсад цөөн хоног ирэх үед нь ярилцлаа. Бидний яриа сүүлийн үед яригдаад байгаа Оюу толгойн төсөлд хамаарах лицензтэй холбоотой асуудлаар өрнөлөө.
-Ярилцлагаа Онтрэ ХХК гэж чухам ямар компани, хэдэн оноос Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн, цаашлаад Оюу толгойтой хэрхэн холбогдох болсноос эхлэх нь зүйтэй болов уу?
-Онтрэ ХХК нь Оюу толгойг Монголд үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2002 оноос хойш 23 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Entree Resource нь Канадад бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани. Мөн АНУ-д хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг. Гол оффис нь Ванкувер хотод байрлан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Улаанбаатар хотод төлөөлөгчийн газартай.
Entree Resource нь Монгол Улсад Онтрэ ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж байна. Онтрэ ХХК нь Оюу толгой ХХК-тай хамтарсан үйл ажиллагаа явуулах тохиролцооны хүрээнд хоёр тусгай зөвшөөрлийг эзэмших болсон. Илүү дэлгэрэнгүй тайлбарлавал, Оюу толгой төслийн хүрээнд олборлох эрдсийн тодорхой хэсэг Онтрэ ХХК-ийн эзэмшдэг хоёр лицензийн талбайд хамаардаг. Лицензийн талбайн нэр Шивээ толгой, Жавхлант. Шивээ толгой нь Оюу толгойн лифт нэг буюу нэгдүгээр давхаргын үйл ажиллагаа явуулах талбайд хамаарч байна. Харин Жавхлантад нь Херуга орчмын талбай хамаардаг. Онтрэ ХХК-ийн эзэмшдэг энэ хоёр талбай нь Оюу толгой төслийн үйл ажиллагаатай холбогдож байгаа учраас харилцан тохиролцоонд хүрч ажилласан. Онтрэ ХХК нь энэ хоёр талбайгаас гадна, өөр олон талбайд хайгуул явуулсан. 2003 оноос хойш Онтрэ ХХК Монгол Улсад 40 сая ам.долларыг хайгуулд зарцуулсан байдаг. Гэхдээ тэдгээрийг энд ярихгүй, толгой эргүүлсэн юм болно. Зөвхөн Оюу толгойтой холбоотой хоёр лицензийг ярья.
-Хоёр лицензид хамаарах (Шивээ толгой, Жавхлант) талбайн 80 хувь Оюу толгойх, 20 хувь нь Онтрэгийнх гэж яриад байгаа. Энэ хуваарилалтыг хэн, хаана хийсэн юм бэ?
-2004 онд Оюу толгой орд дээр хайгуул хийж байсан Айвенхоу Майнз компанитай бид албан ёсны хууль эрх зүйн хэлцэлд орсон. Оюу толгой ордын зарим хэсэгт хамаарч байгаа манай компанийн эзэмшлийн талбай дээр ашиг сонирхлоо хуваарилсан хэлцлийг хийсэн. Энэ хэлэлцээний хүрээнд одоогийн Оюу толгой ХХК, Онтрэ ХХК хоёр өөр өөрсдийн хязгаарыг тогтоосон гэсэн үг.
Энэхүү хэлэлцээгээ 2008 онд албажуулсан. Ингэхдээ Шивээ толгой, Жавхлантын талбайн хамтарсан үйл ажиллагаанд оролцох эрхийн 80 хувийг Оюу толгойд, үлдсэн 20 хувийг Онтрэд хуваарилж өгсөн. Энэ хоёр талбайд байгаа нийт эрдэс баялгийн 80 хувь нь Оюу толгой ХХК-ийнх, 20 хувь нь Онтрэ ХХК-ийн гэж ойлгох хэрэгтэй.
Өнөөдөр бүгд мэднэ, Оюу толгой ХХК-ийн 66 хувийг Рио Тинто групп, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар Эрдэнэс Оюу толгой ХХК-аар дамжуулан эзэмшиж байгаа.
Оюу толгой, Онтрэгийн хооронд үүссэн бизнес харилцаатай холбоотой үл ойлголцлыг тайлах гурван асуудлыг тайлбарлах гэж хичээе. Олон нийтийн дунд Оюу толгой төслийн 30 хувийг Онтрэ эзэмшиж байна гэх ор үндэслэлгүй мэдээлэл байна. Зөвхөн хамтарсан үйл ажиллагааны эрхийн хуваарилалтын дагуу Онтрэ 20 хувь, Оюу толгой 80 хувь. Оюу толгойн 80 хувийн 34 хувийг Монголын Засгийн газар, 66 хувийг Рио Тинто эзэмшиж байгаа. Оюу толгой мэдэлд байгаа эрдэс баялаг, мөн Онтрэгийн мэдэлд байгаа эрдэс баялгийн үнэ цэн, ялгааг нь ойлгохын тулд эдийн засгийн үр ашигтай байдал, эрдэс баялгийн ямар ангилалд орохыг сайтар ойлгох шаардлагатай.
Жавхлантын талбайд хамтарсан үйл ажиллагаа явуулах тохиролцооны дагуу нийт эрдэс баялгийн 82.7 хувь байгаа. 2012 оноос өмнө бидний хийсэн 20 цооногийн өрөмдлөгийн үр дүнгээр Жавхлантын талбайд байгаа хүдрийн эрдэс баялгийн ангилал нь С-д багтаж байна. Геологийн хэллэгээр бол энэ талбайн хүдэр дэх дундаж агуулга 0.39 хувь гэж тогтоогдсон. Харин Шивээ толгой лицензтэй талбай дахь ордын нөөцийн ангилал нь В, дундаж агуулга 2.01 хувь гэж гарсан. С ангиллыг В ангилал руу оруулахын тулд маш олон жилийн өрөмдлөг, геологийн эрэл хайгуул, судалгаа хийх шаардлагатай. Ингэсний дараа эдийн засгийн үр өгөөжтэй болж ТЭЗҮ боловсруулах нөхцөл бүрддэг. Одоогийн байдлаар бидэнд Жавхлантын талбайд нэмэлт өрөмдлөг хийх төлөвлөгөө байхгүй бөгөөд Оюу толгойн хувьд ч байхгүй байна. Оюу толгой төсөлд хамаарах Жавхлантын талбай дахь эрдэс нь эдийн засгийн үнэ цэн муутай гэсэн дүгнэлт гарсан.
Хамтарсан үйл ажиллагааны хэлэлцээний 17 хувь нь Шивээ толгойн талбайтай холбоотой юм. Одоогийн олборлолтын төлөвлөгөөний дагуу Шивээ толгойн нөөцийн 14 хувийг лифт нэг буюу нэгдүгээр давхаргын түвшнээс олборлоно. Нэгдүгээр давхрагын олборлолтын үйл ажиллагааг 2025-2040 он хүртэл явуулах төлөвлөгөөтэй байгаа. Лифт хоёр буюу хоёрдугаар давхрагын олборлолтыг 2039-2059 оны хооронд явуулах урьдчилсан тооцоо гарсан. Одоо олборлолтыг эхлүүлэх гэж байгаа нэгдүгээр давхаргын эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай хэсэг Шивээ толгойн талбайд хамаарах Хойд Хюго үргэлжлэл хэсэг. Энэ хэсгийг 2025 оноос олборлож эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Нэгдүгээр давхаргын гол олборлолтыг эхлүүлэх гэж байна гэсэн үг. Нэгдүгээр давхрагын олборлолтоос гарах нийт хүдрийн 5.5 хувь нь Онтрэгийн лицензтэй холбоотой. 2025-2040 он хүртэл Хойд Хюгогоос олборлох эрдэс баялгийн 100 хувь нь Оюу толгой эзэмшлийн лицензтэй талбайгаас гарах юм. Өнөөдрөөс эхлээд 2039 он хүртэл олборлох эрдэс баялгийг 100 хувь гэж үзвэл тэндээс Онтрэгийн ашигт малтмалын эзлэх хувь нь 1.1 юм.
Хамтарсан үйл ажиллагааны талбай дээрх эрдэс баялаг нь 10 хувь бөгөөд лифт хоёрын эрдэс баялагийн 2.1 хувь Онтрэгийнх. Гэтэл үүнийг 30 гэж яриад байгаа.
-Тэгэхээр Оюу толгойн гүний уурхайгаас 2025-2035 он хүртэл олборлох нийт хүдрийн 5.5 хувь нь Онтрэгийн эзэмшлийн талбайгаас олборлох бөгөөд эндээс Онтрэ 1.1 хувийн ашиг хүрнэ гэсэн үг үү?
-Нэгдүгээр давхрагын олборлолтыг 80/20-оороо хуваагаад үзэхээр Оюу толгой нийт эрдэс баялагийн 98.9 хувийг хүртэж байгаа. Энэ эдийн засгийн үр ашгийн 34 хувь нь Монголын Засгийн газрынх. Онтрэгийнх 1.1 хувь. Хоёрдугаар давхрагын олборлолтын бүх эрдэс баялагийн 96.9 хувь нь Оюу толгойнх, үлдсэн 2.1 хувь Онтрэгийнх.
Жавхлантын талбайн эрдэс одоогоор эдийн засгийн үр ашиггүй байгааг ойлгох хэрэгтэй. Хожмоо энэ хэсгийг олборлох нь үр ашигтай гэж нотлогдох юм бол олсон бүх ашгийн 80 хувь Оюу толгойд очоод, түүний 34 хувь танай Засгийн газрын гэсэн үг. Жавхлантын талбайд 20 цооног өрөмдөхөд 1.4 тэрбум тоннын хамгийн бага агуулга бүхий хүдэр илэрсэн. Харин Шивээ толгойн талбайгаас 300 сая тонноос бага бүхий хүдэр илэрсэн. Тиймээс л Жавхлантын талбайд хамаарах хэсэг Оюу толгой олборлолтын төлөвлөгөөнд байхгүй байгаа юм. Хөрөнгө оруулагч талууд бүгд үүнийг мэднэ, тайлбарлаж ч байсан. Хамгийн сүүлд итгэл тээгээд 2012 онд өрөм тавьсан, бас л олигтой үр дүн гараагүй.
-Эдийн засгийн хувьд ашиггүй юм бол яагаад Жавхлантын талбайн ашиглалтын лицензээ шилжүүлэх эсвэл зарахгүй байлгаад байгаа юм бэ?
-Энэ асуултыг Оюу толгой ХХК-аас асуух хэрэгтэй. Яагаад гэвэл тэнд хамаарах эрдсийн ихэнх хувийг Оюу толгой эзэмшиж байгаа учраас тэдний шийдэх асуудал юм. Одоо Оюу толгой ХХК олборлотын эрэмбэ дараалал буюу эдийн засгийн хувьд ашигтай, агуулга өндөртэй хүдрээс олборлолтоо эхэлж байна. Хожмын нэгэн цагт умард хэсэг рүү орж магадгүй. Ирээдүйд хүдрээс алт, зэс зэрэг металыг ялгаж авах технологи илүү боловсронгуй болбол өртөг зардал багасаж Жавхлантын талбайн хүдэр эдийн засгийн хувьд ашигтай болж болно. Одоогоор Оюу толгойн ХХК энэ талбайд олборлолт явуулбал эдийн засгийн хувьд ашигтай байна гэсэн ямар нэгэн тайлбар алга. Гарсан байсан ч бидэнтэй хуваалцаагүй.
Хойд Хюго талбайд бид маш их хөрөнгө оруулалт хийж, дэд бүтцэд хөрөнгө оруулсан. Энэ дэд бүтцээ хожмоо умардын талбайд ч ашиглах боломжтой. Тиймээс бид лицензээ өгөхгүй байгаа юм. Олборлолт нь техникийн хувьд зардал ихтэй гэдэг нь ойлгомжтой байгаа. Гэхдээ энд суурь дэд бүтцээ бий болгосон учраас Херуга талбайд ашиглаж, зөвхөн нэмэлт зардал гаргана.
undefined
-Дэд бүтэц гэж та юуг хэлж байна вэ. Онтрэ гүнийн уурхайн бүтээн байгуулалтад оролцож байгаа гэсэн үг үү?
-Баяжуулах үйлдвэр, хаягдлын байгууламжийн дэд бүтцийг байгуулсан. Гүний ус шавхах төхөөрөмжийг Херугагийн талбайд дахин ашиглаж болно. Ажилчдын байрыг дахин байгуулахгүйгээр ашиглаж болно. Бэлтгэгдсэн ажилчдаа дахин ажиллуулна. Цахилгаан дамжуулах бүх шугам сүлжээг ажиглана. Энэ бүгдийг дахин ашиглахгүйгээр Херугагаас олборлолт явуулна гэвэл хоёр дахин илүү зардал гаргана.
-Онтрэ болон Оюу толгой хоёрын хооронд хийсэн гэрээ нь олон улсын гэрээ юу, эсвэл Хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарч байгаа юм уу?
-Онтрэ, Оюу толгой ХХК-ийн хоорондын эрх ашгаа хуваалцах тохиролцоо гэдэг нь хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээ юм. Энэ бол Хөрөнгө оруулалтын гэрээ биш. Эрх зүйн хувьд тусгаар гүрэн өөр гүрний аж ахуйн нэгжтэй байгуулж байгаа эрх зүйн баримт бичиг Хөрөнгө оруулалтын гэрээ шүү дээ.
-Арбитрын шүүхээс Онтрэгийн эзэмшиж байгаа хоёр тусгай зөвшөөрлийг Оюу толгой ХХК руу шилжүүл, шилжүүлэхэд шаардлагатай татвар хураамжийн төлбөрийг Оюу толгой ХХК барагдуулна. Ингэхдээ тухайн улсын хууль дүрмийг дагах ёстой гэсэн шийдвэр гарсныг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал яриад байгаа. Энэ дагуу яг ямар процесс өрнөнө гэсэн үг вэ?
-Тийм ээ. Манайд хамаарах хоёр лицензийг Оюу толгойд шилжүүлэх ёстой. Энэ бүх процесс нь Монгол Улсын хууль, журмын дагуу явагдах ёстой. Нэгд, Оюу толгой, Онтрэ хоёр бол аж ахуйн нэгж хоорондын гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр тохирсон гол зарчим нь тусгай зөвшөөрлийн хамгийн их хувийг эзэмшиж байгаа хуулийн этгээд нь бүртгэлтэй лицензийг эзэмших эрхтэй гэж заасан юм. Үндсэндээ Арбитрийн шийдвэр Онтрэ, Оюу толгой хоёрын дунд байгуулсан гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан.
Онтрэгийн бүртгэлтэй талбайд Оюу толгой олборлолт хийнэ. Бид олборлолтын эрх талбайн эзэмшлээ өөрчлөхгүй. Зөвхөн энэ талбай л Оюу толгой ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй болно. Бид эзэмшлийн 20 хувьтайгаа үлдэнэ. Өөрөөр хэлбэл, талбайгаас 100 хувь олборлолт хийх эрхийг Оюу толгой ХХК-д шилжүүлж өгч байгаа юм. Үүнийг Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан учраас шилжүүлж байгаа шүү дээ.
-Энэхүү хоёр лицензид хамаарах эрдсийн 20 хувь Онтрэ ХХК-ийн эзэмшлийнх гэж байгаа. Оюу толгойд хамаарах 80 хувийн 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байна. Тэгвэл Онтрэд хамаарах хувьд мөн Монголын Засгийн газар 34 хувиа эзэмших ёстой юм биш үү гэдэг асуулт гарч байна?
-Нийгэмд “Онтрэ 20 хувийнхаа 34 хувийг Монголын Засгийн газарт өгөхгүй” гэсэн мэдээлэл түгээж байна. Хариуцлагатай хэлье, энэ бол худлаа. Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн “34 хувиа аваач ээ” гэдгийг удаа дараа Монголын Засгийн газрын төлөөлөлд тавьж байгаа. Онтрэ ХХК бүх тайлангаа олон нийтэд нээлттэй тавьдаг. Тайлан болгондоо “Онтрэ ХХК эдийн засгийн үр ашгийн 34 хувиа Монголын Засгийн газарт олгоход бэлэн, олгохыг эрмэлзэж байна” гэдгээ илэрхийлсэн. 2023 онд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөлтэй уулзаад эдийн засгийн үр ашгийн “34 хувиа авна уу” гэж ярилцсан. Харин Монголын Засгийн газрын төлөөллийн нэг ч сайд, нэг ч албан тушаалтан бидэнд эргэж хариу өгөөгүй. Дахин уулзъя, ярилцъя гэдгээ одоо хүртэл илэрхийлээгүй, хандаагүй байна. Би жилдээ 3-4 удаа Монгол Улсад ирдэг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирээд Монголын Засгийн газрын төлөөллүүдтэй уулзсан. Энэ жилийн эхээр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал сайдтай ярьсан, Ц.Туваан сайд, Эрдэнэс Оюу толгойн удирдлагатай уулзсан. Энэ мэтээр уулзсан эрх мэдэл бүхий албан тушаалтан бүрд Онтрэ ХХК-ийн 34 хувиа яриад явсан. Сая ирээд дахиад Н.Учрал, Ц.Туваан сайдтай уулзах хүсэлт өгсөн, юу болохыг мэдэхгүй байна. Өнгөрсөн баасан гаригт /2025.05.30/Засгийн газрын Ажлын хэсэгт “Онтрэ ХХК-ийн 34 хувийн асуудлыг албан ёсоор шийдвэрлэж өгнө үү” гэдэг албан бичгээ Н.Учрал сайдын нэр дээр явуулсан. Засгийн газар ямар ч саналтай байж болно. Хамгийн гол нь бидэнд түүнийгээ мэдэгдэж, хариу өгөхгүй байна.
Ц.Туваан сайд “Онтрэ 34 хувиа өгье гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа” гэдгийг хоёр сарын өмнө X-ээр дамжуулан олон нийтэд мэдээлсэн. Тиймээс Онтрэ ХХК 34 хувиа Монгол Улсын Засгийн газарт шилжүүлэх хүсэлтэй байгааг УИХ, Засгийн газрын аль аль түвшинд мэдсэн гэж бодож байна. Мөн 34 хувиа шилжүүлэхээс гадна өөр саналууд дэвшүүлсэн. Сайд нартай уулзахдаа 2032 онд өөрийн эзэмшлийн 20 хувиасаа Онтрэ хамгийн эхний мөнгөн урсгалын орлогоо авъя гэсэн санал тавьсан. Орлогоосоо бидний эзэмшлийн 20 хувьд хамаарах ашиг төлнө шүү дээ. Хэрвээ 100 долларын ашиг шилжүүлэх гэж байгаа бол 66 долларыг шилжүүлээд 34 долларыг Эрдэнэс Оюу толгой руугаа шууд явуулаарай. Биднээр дамжуулахгүйгээр Монголын Засгийн газар ногдох ашгаа аваарай гэдгийг Ц.Туваан сайдад тодорхой тайлбарлаж хэлсэн. Дээр нь, өөрийн эзэмшлийн 20 хувийн 34 хувийг Монголыг Засгийн газарт шилжүүлснээр бид ямар нэгэн менежментийн төлбөр авахгүй гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн нөхцөлтэй харьцуулбал бид илүү алсыг харсан, Монголын эдийн засаг, хүн ардынх нь төлөө шийдвэр гаргаж байна гэж харж байгаа. Оюу толгойгоос ялгаатай нь 34 хувь дээр Монголын Засгийн газар хөрөнгө оруул гэж шаардахгүй, зээллэг тулгахгүй, хүү нэхэхгүй.
-Онтрэ 20 хувьтай холбоотой зардлаа өөрсдөө санхүүжүүлээд явж байгаа гэж ойлгох уу?
-Бүх өртөг зардлын 20 хувь Онтрэ дээр, 80 хувь Оюу толгой дээр яригдана. Харин Оюу толгойн 80 хувь дээр гаргасан зардлынхаа 34 хувийг Монголын Засгийн газар гаргах учраас зээлийн харилцаанд орчхоод яваа. Онтрэгийн хувьд олборлолтын үед гаргах зардал тоймтой. Нэгд, хөдөлмөр хөлс, түлш цахилгаан зэрэг гүний уурхайн зарим зардлууд гаргана. Хоёрт, Онтрэ бүх хөрөнгө оруулалтаа урьдчилж хийхгүй. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явах бүрд, үйлдвэрлэлийн нэг нэгж бүрд тодорхой хувийн хөрөнгө оруулалтыг тэс дараатай оруулна. Оюу толгой лицензийн 80 хувийг эзэмшиж байгаа учраас дэд бүтцийн гол бүтээн байгуулалтыг хариуцна.
-Нэгдүгээр давхаргаас олборлолт явуулж, орлого олоод эхлэхээр ямар зарчмаар ажиллах юм бэ. Тухайлбал, 2032 оноос мөнгөн урсгалын орлого авч эхэлье гэдэг саналаа тавьсан гэлээ. Энэ тооцоолол жишээ нь хэрхэн гарч ирсэн вэ?
-Онтрэгийн Оюу толгойтой хамтран ажиллах тооцоолсон зардал 55 сая ам.доллар. Энэ зардлыг 2025-2028 он хүртэл гаргана гэж тооцоолсон. Гэхдээ лиценз шилжсэн тохиолдолд шүү дээ. Ингээд 2028 оноос орлого олж эхлээд Оюу толгойд оруулсан хөрөнгө оруулалтдаа суутгаад 2029 оноос ашиг олж эхлэхээр 2032 оноос тогтвортой орлого орж ирнэ гэж тооцсон юм. Гэхдээ тухайн үед металлын зах зээл ямар байхаас энэ хугацаа наашаа, цаашаа болохыг үгүйсгэхгүй.
quote photo
Оюу толгой ХХК-ийн ТУЗ хуралдаж, гүний уурхайн хөгжүүлэлтийн Шивээ толгойн талбай руу орох хэсгийн олборлолтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гүний уурхай олборлолт Шивээ толгойн талбайн заагт ирээд байгаа. Лиценз шилжтэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй буюу гүний уурхайн олборлолтын чиглэлийг өөрчилсөн.
-Таны энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаа гол зорилго юу вэ. Оюу толгой ХХК-д лицензээ бүрэн шилжүүлэх асуудлыг шийдэх үү?
-Нэгд, Онтрэ ХХК-ийн 34 хувийг Монголын Засгийн газарт шилжүүлэх. Хоёрт, Оюу толгой ХХК-д лицензээ шилжүүлэх. Оюу толгой ХХК-тай лиценз шилжүүлэхийг гэрээгээр тохирсон учраас дахин хэлэлцээ хийх шаардлагагүй. Бид өнөөдөр цоо шинээр сэтгэж олсон зүйлээ яриагүй шүү дээ. Аль эрт 2008 онд шилжүүлэхээр тохирчихсон байсан. 2009 онд Монголын Засгийн газар, Оюу толгой ХХК-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгой төсөлд таван лицензийг хамааруулж, Онтрэ, Оюу толгой ХХК хооронд байгуулсан гэрээг дурдаад бүх лицензийг Оюу толгой ХХК-ийн эзэмшилд шилжүүлэхийг заасан байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгойн олборлолтын эрх бүхий талбай гэдэгт таван лиценз орсон гэсэн үг. ХөОГ-ны 3.1-д хөрөнгө оруулагч гэж хэн бэ гэдгийг заагаад, хөрөнгө оруулагч нь бүх лицензийг эзэмшинэ гээд заачихсан. Тухайн үед хөрөнгө оруулагч нь Айвенхоу Майнз байсан, одоо Оюу толгой ХХК болсон. Уг нь бол ХөОГ-ны 3.1-ийн заалтаа хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүнийг Монголын Засгийн газраас нууцаар хийгээгүй. 2008 онд Онтрэ Оюу толгойтой ашиг сонирхлоо хуваах гэрээ байгуулж байсныг ч мэдэж байгаа.
Арбитрийн шүүх хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулсан гэрээний заалтын дагуу шийдвэр гаргасан. Энэ нь Засгийн газраас нууцаар үйлдсэн асуудал биш. Өнгөрсөн долоо хоногт Оюу толгой ХХК-ийн ТУЗ хуралдаж, гүний уурхайн хөгжүүлэлтийн Шивээ толгойн талбай руу орох олборлолтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Өөрөөр хэлбэл, гүний уурхай олборлолт Шивээ толгойн талбайн заагт ирээд байгаа. Лиценз шилжтэл ямар ч үйл ажиллагаа явуулахгүй буюу гүний уурхайн олборлолтын чиглэлийг өөрчилсөн. Энэ хэнд ч ашиггүй шүү дээ.
-Лиценз шилжүүлэх дээр Онтрэ, Оюу толгой хоёр нэгэнт тохирчихсон асуудал юм бол яагаад заавал олборлолтыг зогсоох шаардлагатай юм бэ?
-Хууль журмын дагуу лицензээ шилжүүлээгүй талбай руу Оюу толгой ХХК олборлолт явуулж болохгүй. Лиценз шилжүүлэхээс нааш тэнд үйл ажиллагаа явахгүй. Хоёр аж ахуйн нэгж хооронд лиценз шилжүүлэх бол захиргааны асуудал. Гол нь бүртгэлийн асуудал. Монгол Улсын Татварын албанд хоёр лицензийг Оюу толгой руу шилжүүлэхэд хэдий хэмжээний татвар төлөх шаардлагатай талаар тооцоогоо гаргаж, хүсэлтээ уламжилдаг. Татварын газар тооцооллыг шалгаад буруу бол буруу, зөв бол зөв гэдгийг нь хэлсний дараа шилжүүлэх ажиллагаа эхэлнэ. Энэ процессыг 30 хоногт багтаах ёстой. Онтрэ, Оюу толгой хоёр хамтраад 2025 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Татварын Ерөнхий газарт хүсэлтээ уламжилсан ч хариу өгөөгүй дөрвөн сар болж байна. Хариу өгөхгүй болохоор нь Монголын татварын газраас тодруулсан ч одоо хүртэл хариу өгөөгүй байна. Татварын тооцоолыг нягталж шалгаж, шаардлагатай татвараа авсны дараа энэ асуудлыг Ашигт малтмалын газарт шилжүүлж, лицензийн бүртгэлийг өөрчлөх юм. Гол нь ямар ч тайлбар хэлэхгүй байна. Хуулиа л барьж ажилламаар байна. Бид удаан хугацаанд хамтарч ажиллана, энэ төслөөр амьдарна шүү дээ.
-“Онтрэ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэг нь Рио Тинто групп. Оюу толгой ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь мөн Рио Тинто. Тэгэхээр энэ хоёр компанийн хувьцаа эзэмшигч нэг байхад лиценз шилжүүлэх нэрээр толгой эргүүлж Монголын Засгийн газар, ард түмнийг залиллаж байна” гэж асуудлыг УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хөндөж байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Монгол Улсын Улсын Их Хурлын гишүүний ярьсан зүйл дээр би тайлбар хийхгүй.
-Ер нь, Онтрэ ХХК энэ хугацаанд Монгол Улсад хэдий хэмжээний татвар хураамж төлсөн байдаг вэ?
-Лицензийн хураамжинд өнөөдрийг хүртэл 12 сая доллар төлсөн. Хоёрт, 2024-2025 онд нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхай, геологи, инженер, байгаль орчны чиглэлээр 40 гаруй оюутанд сургалтын болон амжиргааны бүрэн хэмжээний тэтгэлэг олгоод байна.
Ер нь Онтрэ ХХК-д татварын ямар нэгэн онцгой горим үйлчлэхгүй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бусадтай адил төлнө. Ашгаасаа мөн 15 хувийн суутгал төлнө. Канаддаа ч мөн татвар хураамжаа төлөөд л ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.
BY
Э.Мөнхцэцэг нь iToim агентлагийн хамтран үүсгэн байгуулагч. Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй, 2017 оноос iToim.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна. Сэтгүүл зүйн салбарт 13 дахь жилдээ ажиллаж байна.
Нийтэлсэн огноо2025-06-09